Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзлаа
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийж зөвлөмж гаргасан билээ. Тэрхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр сэтгүүлчид, төрийн болон ТББ, иргэд, олон нийт хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзлаа.
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийж зөвлөмж гаргасан билээ. Тэрхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр сэтгүүлчид, төрийн болон ТББ, иргэд, олон нийт хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан юм.
Тэрбээр "Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаар авч хэлэлцсэн. Хуралдаанд төрийн өндөрлөг, сайд, УИХ-ын гишүүн оролцсон. Мөн орчны бохирдлын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, нийслэлийн удирдлага оролцсон. Монгол Улсын төрийн тэргүүний хувьд энэ хурлаас ямар шийдвэр гарсан, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэж байна" хэмээн ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн талаар мэдээлэл өгөв.
ҮАБЗ-ийн хуралдаанаар гурван асуудлаар байр сууриа нэгтгэжээ.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Гамшгийн бүсээ тодорхойлох. Тус бүсэд хориглох үйл ажиллагааг тодорхойлох.
Хоёрдугаарт, Онцгой горимоор ажилладаг болох. Онцгой байдлаар ажилладаг бүтцээ бий болгох. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нэрийг Онцгой байдлын Үндэсний хороо гэж өөрчлөх.
Гуравдугаарт, Аюултай орчноос аюулгүй орчин нүүлгэн шилжүүлэх. Бүх аймгууд нүүлгэн шилжүүлэлтэд оролцох ёстой. Засгийн газрын ордныг хотоос гаргавал олон зүйл өөрчлөгдөнө.
Ерөнхийлөгч цааш ярихдаа "Энэхүү зөвлөмжийг гаргахдаа Үндсэн хуулийн заалтаа үндэслэн гаргасан. Тухайлбал, шилжилт хөдөлгөөнийг хорьсон нь Үндсэн хуулийг хорьсон гэж шүүмжилж байгаа ч Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой" гэж заасан байдаг. Энэ зөвлөмж нь Үндсэн хуульд нийцсэн, нийт иргэдийн эрх ашигт нийцсэн" гэсэн юм.
Уулзалтад УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, УИХ-ын БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга О.Очиржав нар оролцлоо.




















