Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.

901428770_1471554431613899_883918807857329728_n-1024x683

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүрээнд тус улсын Юнит муж дахь Хойд секторт үүрэг гүйцэтгэсэн юм.

910706236_3568954009945608_4080276744104490532_n-1024x683

Үүрэг гүйцэтгэсэн нэг жил бол монгол цэргийн дайчин уламжлал, сахилга бат, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан жил байсныг цэргийн багийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ илтгэлээ.

Энхийг сахиулагчид энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ нэр төртэй биелүүлснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

911616168_1666713271778528_3520349662666719042_n-1024x683

Ялангуяа өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Абьемном сууринд гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр мянга мянган энгийн иргэний аюулгүй байдлыг хангаж, шархадсан, дүрвэсэн иргэдэд эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг тодотгов.

“Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж байгаа энхийг сахиулагчид Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг хэллээ.

15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон “UNMISS” ажиллагааны “Шилдэг үүрэг гүйцэтгэлтэй батальон”-оор шалгарч, Хүчний командлагчийн шагнал хүртсэн байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэн дайчид болон тэдний бат бэх ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

902205164_1868050274543249_1032838032973481668_n-1024x683

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл,

  • Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн ахлагч, тэргүүн ахлагч Оюунгэрэлийн Энхболд,

  • Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн Материал, техникийн хангалтын салааны тээврийн тасгийн жолооч, сургагч ахлагч Агваанпүрэвийн Шатар,

Цэргийн гавьяаны одонгоор

  • Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга, дэд хурандаа Суранхүүгийн Бат-Эрдэнэ,

  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Байлдааны хангалтын салбарын онгоц, нисдэг тэрэг хадгалах бүлгийн дарга, хошууч Мөнхбаатарын Эрдэнэбаатар,

  • Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Мөнхөөгийн Батмөнх,

  • Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн тусгай тээвэрийн ротын жолооч, сургагч ахлагч Рагчаагийн Бэгзсүрэн нарын найман алба хаагч,

Цэргийн хүндэт медалиар

  • Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Сургалтын ахлах офицер, хошууч Лувсанпүрэвийн Галхүү,

  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Танкийн ротын механик жолооч, ахлах ахлагч Дэмбэрэлийн Нэргүй нарын 53 алба хаагч,

Энхийн төлөө медалиар

  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах офицер, ахмад Сундуйсүрэнгийн Батболд,

  • Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн 0290 дүгээр салбарын Сургалт, цэргийн албаны офицер, дэслэгч Торгуудын Алтангэрэл нарын 188 алба хаагчийг шагналаа.

  • Манай улс 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероо илгээсэн түүхтэй. Өнөөг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 24 мянга гаруй алба хаагч 23 ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.

Хуваалцах