Нөмрөгийн ДЦГ-т учирсан хохирлын үнэлгээний дүгнэлтийг танилцуулж байна
Мэдээллийн алба

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаанд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлын үнэлгээний урьдчилсан дүгнэлтийг танилцуулж байна.
Тус хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Буяннэмэх, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Харин Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд цахимаар оролцож байна.
Хуралдааны үеэр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлыг тооцохоор ажилласан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг үнэлгээний тайланг тогтоосон хугацаанд боловсруулж дуусгасан талаар танилцуулж, урьдчилсан дүгнэлтээ хэлэлцүүллээ.
Хохирлын үнэлгээг Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Ой, хээрийн түймрийн хохирол тооцох журам” болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны хамтарсан тушаалаар баталсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу хийжээ.
Одоо үнэлгээний тайлан болон холбогдох материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
Улмаар эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзвэл шүүх шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулж, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилнэ.


















