Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европ руу тавьж байгаа хийн хоолойн бүтээн байгуулалт энэ онд дуусна

Төслийн Санхүү эрхэлсэн захирал Пол Короканын хэлснээр хийн хоолойн бүтээн байгуулалт энэ оны сүүлч гэхэд дуусах юм байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Европ руу тавьж байгаа хийн хоолойн бүтээн байгуулалт энэ онд дуусна
Европ руу тавьж байгаа хийн хоолойн бүтээн байгуулалт энэ онд дуусна. Зураг: МҮОНРТ

“Умардын урсгал 2” буюу Европ руу тавьж байгаа хийн хоолойн бүтээн байгуулалт энэ онд дуусна. Төслийн Санхүү эрхэлсэн захирал Пол Короканын хэлснээр хийн хоолойн бүтээн байгуулалт энэ оны сүүлч гэхэд дуусах юм байна. Тэрбээр “Хийн хоолойн эхний шугам ирэх 11 дүгээр сард бэлэн болох бол хоёр дахь шугам 12 дугаар сард гүйцэд дуусна” гэж мягмар гарагт болсон Европын хийн түлшний хурал дээр ярьсан байна.

11 сая долларын өртөгтэй "Умардын урсгал 2" хэмээх хийн хоолойг Балтын тэнгис доогуур ОХУ-аас Герман хүртэл тавьж байгаа юм. Ингэснээр одоогоор жилд 55 тэрбум куб метр шахах боломжтой хийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж албаныхан тооцоолж байна. Мөн Оросын хийн түлшний борлуулалтын 70 хувийг Европод хүргэнэ гэж төлөвлөж байна.

ОХУ-ын төрийн өмчийн "Газпром" компанийн охин компанийн удирдаж буй энэ төсөлд Германы эрчим хүчний "Винтершал", "Юнипер", Францын "Энжие", Британи Нидерландын газрын тосны болон хийн түлшний "Роял Дач Шел", Австрийн эрчим хүчний “ӨүЭмВи” компаниуд түншлэн оролцож байна.

Европын холбооны зүгээс, тэр дундаа Европын комиссын дарга Доналд Туск зэрэг албаны хүмүүс “Умардын урсгал 2”-ыг барьж дуусгаснаар Украйн хийн түлш дамжуулсны шимтгэлээ авах боломжгүй болно гэж санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан. Одоогоор Украйн хийн түлш дамжуулсны шимтгэлд жил бүр 2.5 тэрбум еврогийн төлбөр авдаг байна.

Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд энэ төслөө “цэвэр эдийн засгийн төсөл”, үүгээр Украйнаар дамжих хийн түлшний нийлүүлэлтийг зогсоохгүй гэж тайлбарлаж байгаа. Герман, Финланд, Швед зэрэг улсууд "Умардын урсгал 2”-ыг дэмжиж байгаа бол Дани улс төслийг зөвшөөрөөгүй ганц улс болоод байгаа юм.

Харин төслийн барилгын ажлыг гүйцэтгэгчид “Хэрэв зөвшөөрөл авч чадахгүй бол хоолойг Хойд Европын энэ улсаар дайруулахгүй” гэж мэдэгдэж байсан юм. Нийлүүлэлтийн тухайд Оросын "Газпром" компанийн захирал Алексей Миллер “Умардын урсгал 2”-ыг төлөвлөгөөний дагуу урагшлуулж байгаа нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хийн түлш нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийх боломжтой болгож байна” гэж мэдэгдээд байна.

Хуваалцах