Пакистаны анхны сансрын нисэгч Хятадын "Тяньгун" станцыг зорилоо
Мэдээллийн алба

Хятад улс өнөөдөр /2026.11.25/ өглөө гурван сансрын нисэгчтэй "Шэньжөү-24" хөлгийг хөөргөлөө.
Багийн бүрэлдэхүүнд багтсан 40 настай нисгэгч Мухаммад Зишан Али дэлхийн тойрог замд гарсан анхны пакистан хүн болж байна. Тэрбээр Хятадын "Тяньгун" сансрын станцад ажиллах анхны гадаадын нисэгч болох юм.
Хөлгийг Хятадын баруун хойд хэсэгт орших Жючуань сансрын хөөргөх төвөөс 08:18 цагт "Чанжэн-2F" зөөгч пуужингаар хөөргөжээ. Хөөрснөөс хойш арав орчим минутын дараа хөлөг пуужингаас салж, төлөвлөсөн тойрог замдаа орсон байна. Багийг Хятадын сансрын нисэгч Тан Хунбо ахалж, Ү И нислэгийн инженерээр ажиллаж байна.
Али станцад 5–10 хоног ажиллах төлөвлөгөөтэй. Тэрбээр жингүйдлийн орчинд гэрлийн энергийг ашиглан фотосинтез явуулдаг хөх-ногоон бактерийг судлаад, "Шэньжөү-23" хөлгөөр дэлхийд буцна. Харин "Шэньжөү-24"-ийн баг нийт ажиллагааныхаа хугацаанд шинжлэх ухаан, технологийн 90 гаруй туршилт хийхээр төлөвлөжээ.
Энэ нь Хятадын хүнтэй сансрын нислэгийн хөтөлбөрт гадаадын нисэгч оролцсон анхны тохиолдол юм. Хамтарсан нислэгийг Хятад, Пакистаны 2025 оны хоёрдугаар сард байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжүүлж байна.


















