Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ой тохиож байна
Зөвлөлтийн агуу их жанжин, ЗХУ-ын Маршал, ЗСБНХУ-ын батлан хамгаалахын сайд асан Георгий Константинович Жуков 1896 оны арванхоёрдугаар сарын нэгэнд мэндэлжээ.
Мэдээллийн алба

Зөвлөлтийн агуу их жанжин, ЗХУ-ын Маршал, ЗСБНХУ-ын батлан хамгаалахын сайд асан Георгий Константинович Жуков 1896 оны арванхоёрдугаар сарын нэгэнд мэндэлжээ.
Георгий Жуков ЗХУ-ын баатар цолыг дөрвөн удаа хүртэж, “Ялалтын” хошой одон, зөвлөлтийн болон гадаадын бусад олон одон, медалиар шагнуулжээ.
Аугаа их эх орны жилүүдэд Жанжин штабын дарга, Дээд ерөнхий командлалын газрын гишүүн, Дээд ерөнхий командлагчийн орлогчийн албан тушаалд ажиллаж байв.
Дайны дараа хуурай замын цэргийн ерөнхий командлагчаар ажиллаж, Одессын, дараа нь Уралын цэргийн тойргийг командалж байлаа.
Сталиныг нас барсны дараа ЗСБНХУ-ын батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, 1955-1957 онд Батлан хамгаалахын сайд болсон байна.
1957 онд намын Төв Хорооны бүрэлдэхүүнээс хасагдаж, цэргийн бүх албан тушаалаасаа бууж, 1958 онд огцорчээ.
Георгий Жуков 1974 оны зургаадугаар сарын 18-нд Москвад таалал төгссөн юм.
.......................................................................................................................................................
МОНГОЛООС АНХ ТОДОРСОН МАРШАЛ
1939 онд ЗХУ-ын үнэнч холбоотон БНХМАУ-ын хил орчимд байдал хүндрэв. Японы цэргүүд Монгол руу гэнэт халдан Халх голын орчмын газрыг эзэлжээ.




ЗХУ, БНМАУ –ын хооронд бие биедээ харилцан туслах гэрээтэй байлаа.1939 оны долдугаар сарын нэгэнд Жуковыг Москва руу Батлан хамгаалах ардын комиссар К.Е.Ворошилов дээр яаралтай дуудав.
-Япончууд дайтах нөхцөлийг дэгдээгээд байна гээд Ворошилов, танд Монгол руу нисэж удирдлагыг өөртөө авахад хичнээн хугацаа шаардагдах вэ гэв.
-Шууд нисэхэд бэлэн гэж Жуков хариулав.
Онгоц Монголд байрлаж буй Улаан армийн 57 дугаар тусгай хорооны чиг нисэв. Жуков нөхцөл байдалтай шуурхай танилцаж, япончууд зүгээр л хил зөрчөөгүй гэдгийг ойлгосон ба түүний энэ бодлыг тагнуулчдын япончууд том хэмжээний давшилтанд бэлдэж буй тухай мэдээ бүр баталгаатай болов.
Жуков ардын комиссар К.Е.Ворошиловт явуулсан илтгэлдээ Халх голын баруун эргэдэх нутгийг түрэмгийлэн эзэлсэн японы шилдэг цэргийн ангиудыг устгахад нисэх хүчнийг нэмэгдүүлэхээс гадна, явган цэргийн гурван дивиз, танкийн бригад, их бууны дивизийг бэхжүүлэх шаардлагатай гэж бичжээ.
Москвагаас өдрийн дотор Жуковыг бүх цэргийн командлагчаар томилсон тушаал ирэв. Хэдхэн хоногийн дараа байлдааны шинэ онгоц болон ЗХУ-ын баатар цолтой 21 нисэгчдийн бүрэлдэхүүн ирэв. Шилдэг нисэгчид цаг алдалгүй бэлтгэлээ базааж эхлэв.
Долоо хоногийн дараа япончууд агаарт 120 онгоц хөөргөхөд тэдэнтэй зөвлөлтийн 95 сөнөөгч онгоц тулалдаанд оржээ.
Монголын тэнгэрт агаарын маш том тулалдаан энэ үед болсон юм.
Жуков өөрийн командын байрнаас суманд оногдсон дайсны онгоцнууд ар араасаа унаж байгааг болон үлдсэн японы нисгэгч нарыг тулаанаас оргон зайлж байгааг ажиглаж байв. Дараагийн дөрвөн өдрийн турш болсон хоёр удаагийн тулалдаанд дайсны нисэх хүчин бут цохигдсон ч японы арми ухрахыг хүссэнгүй.
Долдугаар сарын гуравны шөнө япончууд гол гаталж Баянцагаан уулыг эзэлснээр тойрон хүрээлж буй газрыг өөрийн галаар хамгаалах боломжтой болж голын зүүн эрэг дээр эзэлсэн газрын хамгаалалтыг улам бэхжүүлэхийн тулд цаг алдаж болохгүй гэдгийг ойлгосон Жуков ойролцоо байрлаж буй бүх цэргийн ангид түгшүүр зарлаж, танкийн бригад болон артиллерийн хороодыг явуут дундаа тулаанд орох харин нисэгчид япончуудын эзэлсэн уул,голын гармыг бөмбөгдөхийг тушаажээ.
Тулалдаан бүтэн нэг өдөр шөнө үргэлжлэв. Өглөөгүүр л дайсан голын гарам руу ухарч эхэллээ. Дайны талбар дээр мянга мянган алагдсан япон цэргүүд үлдэж, энэд тэндгүй үатаж сүйрсэн байлдааны техникийн сэг харагдаж байлаа. Энэ тулалдаанд дайсан дахин 45 онгоцоо алдсан юм.
Жуков энэхүү тулалдаанаар орчин үеийн байлдааны техник болон бусад бүх төрлийн цэргийн хүчинг нэгдсэн удирдлагаар хангах асуудал хэрхэн чухал гэдгийг бодитоор харуулсан юм. Гэвч дайсанялагдлаа бүрэн хүлээхгүй байв. Япончууд зүүн эрэг дээр нилээд том цэргийн хүч хуримтлуулсан тул Жуков дайралтанд орох бэлтгэлээ хангах зорилгоор ЗХУ-аас явган цэргийн хоёр дивиз, танкийн бригад, артиллерийн хоёр хороо нэмж татаж авчээ.
Дайсныг төөрөгдүүлэх зорилгоор довтолгооны талаар нэг ч үг дурдахгүйгээр хориглолтод хэрхэн бэлтгэх заавартай ухуулах хуудас хэвлэж тараасны үр дшнд японы командлал ч үүнд итгэжээ.
1939 оны наймдугаар сарын 20-ны өглөө 06:15 цагт дайсны зүг артиллерийн гал хүчтэй нээж, агаарт 153 бөмбөгдөгч, 100-аад сөнөөгч онгоц хөөрлөө.
Яг 09 цагт танкийн анги, явган цэргүүд их буучдын галын тусламжтайгаар давшилтанд оров. Хүнд тулалдаан хоёр өдөр үргэлжилсэний эцэст Японы арми бүрэн бүслэгдэж, тэднийг хэсэг хэсгээр нь хувааж устгасан юм.
Улаан Арми агаарын болон танкийн хавсарсан хүчний тусламжтай ийм ялалт урьд өмнө нь байгуулж байгаагүй юм.
Энэхүү ялалтыг байгуулсан Г.К.Жуковт ЗХУ-ын баатар цол олгож, БНМАУ-ын Улаан Тугийн одонгоор шагнажээ. Аугаа их Эх орны дайн эхлэхээс хэдхэн сарын өмнө Г.К.Жуковыг Москвад дуудаж, армийн генерал цол олгон Улаан Армийн Жанжин штабын даргаар томилжээ.... Үүнээс хойшхи үйл явдлуудад тэрбээр эх орныхоо өмнө түүхэн гавьяаг байгуулж “Ялалтын Маршал” хэмээн нэрлэгдэх болсныг бид мэдэх билээ.
Монголын ард түмэн Агуу их гарамгай жанжинд гүнээ талархдагаа илэрхийлэн Халхын голын түүхэн ялалтын 40 жилийн ойтой давхцуулан 1979 оны наймдугаар сарын 19-нд түүний 1939 оны есдүгээр сараас 1940 оны тавдугаар сар хүртэл гэр бүлийнхээ хамт сууж байсан байшинг Г.К.Жуковын гэр-музей болгон засварлаж, нээлтийг нь хийсэн юм.
Мөн гэр –музейн ойролцоо сүндэрлэх “Ялалтын Маршал”-ын хөшөө дурсгалд жил бүр цэцгийн баглаа өргөдөг уламжлалтай билээ.
Эх сурвалж “Ялалтын Маршал” ном
Бэлтгэсэн Д.Нарантуяа


















