Японд устөрөгч шингэрүүлэх үйлдвэр барьж эхэлжээ
Мэдээллийн алба

Японы Токио хотноо байрлах “Kawasaki Heavy Industries, Ltd” компани Kawasaki LH2 терминалын талбайд устөрөгч шингэрүүлэх үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлжээ.
Тус үйлдвэр нь өдөрт 50 тонн устөрөгч шингэрүүлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь Японы хамгийн том хүчин чадалтай үйлдвэр болох аж.
Үйлдвэрийг 2028 оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж, 2030 оноос үйл ажиллагааг баталгаажуулах туршилтад оруулна хэмээн мэдээлжээ.
Мөн тус үйлдвэр нь Japan Suiso Energy, Ltd. (JSE) компанийн барьж буй Kawasaki LH2 терминалын устөрөгч шингэрүүлэх үндсэн байгууламж болох юм байна.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлнэ хэмээн тодорхойлжээ.
Япон Улс нь газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний нөөцийнхөө ихэнх хэсгийг гадаадаас импортолдог байна.
Харин энэхүү үйлдвэрийг барьснаар Австрали, Ойрх Дорнод зэрэг бүс нутгаас устөрөгч импортлох боломж бүрдэж, эрчим хүч нийлүүлэгч улс, бүс нутгийн сонголтыг нэмэгдүүлэх аж. Түүнчлэн эрчим хүчний импортын эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулна гэжээ.
Цаашид Япон Улс ирээдүйд устөрөгчийг газрын тос, байгалийн хийтэй адил стратегийн эрчим хүчний нөөцийн нэг болгон ашиглах нөхцөл бүрдүүлж байна хэмээн хэвлэлийн мэдээлэлд тодотгожээ.



















