Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гарамгай уран бүтээлчдийн тоглолт энэ сарын 12-нд болно

Тоглолтын үеэр хөгжимд дурладаг, урлагт хайртай таван хүүхдийг шалгаруулж, ирэх онд болох “Virtuoso Gala Concert-2018” тоглолтыг аав, ээжтэйгээ үзэх эрхийн бичгээр шагнах гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарамгай уран бүтээлчдийн тоглолт энэ сарын 12-нд болно
Гарамгай уран бүтээлчдийн тоглолт энэ сарын 12-нд болно. Зураг: МҮОНРТ

“Virtuoso” нэртэй гарамгай уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж, шилдэг бүтээлээр нь үзэгчдийн сонор, мэлмийг мялаадаг гала тоглолт энэ сарын 12-нд УДБЭТ-т болохоор товлогджээ.

Гарамгай уран бүтээлчдийн тоглолт өнөө жил 15 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Уран бүтээлийн өндөр амжилт гаргаж, ур чадвараараа шалгарсан, эх орондоо болон гадаадын тайзнаа амжилттай тоглосон, мэргэжлийн уран бүтээлчид нэгэн үдэш, нэгэн тайзнаа чуулах юм.

Дашрамд сонирхуулахад, энэ үдэш тоглох хөгжимчин бүр хувийн тоглолтоор ур чадварын гайхамшгийг үзүүлнэ. Онцолж төгөлдөр хуурчдын тухай танилцуулахад, нэрт төгөлдөр хуурч, олон улсын уралдаануудын шүүгч С.Саянцэцэг, төгөлдөр хуурч, Ф.Шопены нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцсон Б.Бат-Эрдэнэ, төгөлдөр хуурч, Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийг энэ онд төгсч ирсэн залуу төгөлдөр хуурч М.Мишээл болон Монгол Улсын Консерваторийн шилдэг оюутан О.Энхмөнх, бяцхан төгөлдөр хуурч О.Нандин нар тоглоно.

Мөн ХБК-ийн төгөлдөр хуурын гуравдугаар ангийн сурагч, Испани улсад болсон “Byeond the music festival”-д амжилттай оролцож олон улсын хөгжимчдийн хайрыг татсан О.Нандин охин “Virtuoso Gala Concert-2017” тоглолтод УДБЭТ-ын утсан хөгжмийн найралтай Й.Гайдны ре мажорын концертын төгсгөлийн хэсгийг тоглох юм.

Тоглолтын үеэр хөгжимд дурладаг, урлагт хайртай таван хүүхдийг шалгаруулж, ирэх онд болох “Virtuoso Gala Concert-2018” тоглолтыг аав, ээжтэйгээ үзэх эрхийн бичгээр шагнах гэнэ.

Хуваалцах