Гашуунсухайтын хүчин чадлыг нэмэх шаардлагатай
Өндөр ачаалал үүрдэг энэ боомтын үйл ажиллагаанд оновчтой зохион байгуулалт хийснээр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний худалдаа нэмэгдэнэ.
Мэдээллийн алба

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг өмнөд хилийн Гашуунсухайт-Ганц модны боомтод ажиллаад ирлээ.
Бизнесийн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудаас учруулдаг төвөг саадыг арилгахад чиглэсэн Шинэчлэлийн Засгийн газрын цогц ажлын нэг хэсэг нь хил гаалийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох. Өнгөрсөн онд УИХ-аар Хилийн боомтын тухай шинэ хууль батлуулж, хил гаалийн үйлчилгээг эрх зүйн тодорхой зохицуулалттай болгож үндэсний зөвлөл байгуулсан.
Хилийн боомтын шинэчлэлийг Монгол, Хятад хоёр улсын гадаад худалдааны гол хаалга болсон Гашуунсухайт-Ганцмодны боомтоос эхэлж байгааг тус зөвлөлийн дарга ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг онцлолоо.
Өндөр ачаалал үүрдэг энэ боомтын үйл ажиллагаанд оновчтой зохион байгуулалт хийснээр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний худалдаа нэмэгдэнэ.
Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортлосны 10 сая тонн нүүрсийг тус боомтоор гаргасан байна. Энэ боомтоор мөн 65 мянган тонн зэсийн баяжмал экспортлогджээ. Гэхдээ эдгээр үзүүлэлт нь өмнөх оноос 10 гаруй хувиар буурсан дүн юм. Хил дээр үүсдэг түгжрэл, ачаалал экспортын хэмжээ буурахад багагүй хувиар нөлөөлж байна гэж холбогдох байгууллагуудаас дүгнэсэн. Энэ онд Монгол Улс өмнөх жилийнхээс хоёр дахин илүү хэмжээний нүүрс экспортлох зорилт тавьсан тул Гашуунсухайт боомтын хүчин чадлыг эрс нэмэх шаардлагатай.


















