Гавьяат тамирчин М.Анхцэцэг Азийн тивийн хошой аварга боллоо
тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөн бөгөөд бүгд медалийн тавцанд зогссон юм.
Мэдээллийн алба

Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Бахрейн улсын Манама хотод боллоо. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөн бөгөөд бүгд медалийн тавцанд зогссон юм.
Тодруулбал, тус тэмцээнээс Э.Энхтамир жиндээ огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль, Г.Ануужин огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль, О.Дархижав мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр алт, түлхэлттэй өргөлтөөр алт, нийлбэр дүнгээр алтан медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 114, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөжээ. М.Анхцэцэг зургаан жилийн өмнө ААШТ-д түрүүлж байсан бөгөөд ийн Ази тивийн хошой аварга боллоо.


















