Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг хэлэлцлээ

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг хэлэлцлээ
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар шатны төсөл”-ийн хаалтын семинар өнөөдөр боллоо. Төслийн хүрээнд барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх, хүчитгэх арга зүйг хөгжүүлэх, холбогдох норм, дүрмийг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийн чадавх болон гамшгаас хамгаалах сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүллээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг энэ үеэр эрсдэлийн үнэлгээг бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэртэй уялдуулах нь төслийн стратегийн гол ач холбогдол болохыг онцлов. Мөн үр дүнг байгууллагуудын тогтмол үйл ажиллагаанд нэвтрүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын аюулгүй байдалд тэргүүлэх ач холбогдол өгөх шаардлагатайг тэмдэглэлээ.

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүки төслийн хүрээнд бодлогын түвшний ажлуудыг урагшлуулахын зэрэгцээ загвар барилгын хүчитгэлийг бодитоор хэрэгжүүлсэн нь чухал ололт болсныг онцоллоо. Тэрбээр төслийн хаалтыг дараагийн шатны хэрэгжилтийн эхлэл гэж харж байгаагаа илэрхийлсэн юм.


Арга хэмжээний үеэр төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА болон хамтран ажилласан байгууллага, мэргэжилтнүүдэд талархал илэрхийллээ.

Хуваалцах