Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Гадаад мэдээ

"Мерседес-Бенз" компани Герман дахь үйлдвэрүүддээ хийх хөрөнгө оруулалтаа зогсоожээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Мерседес-Бенз" компани Герман дахь үйлдвэрүүддээ хийх хөрөнгө оруулалтаа зогсоожээ
"Мерседес-Бенз" компани Герман дахь үйлдвэрүүддээ хийх хөрөнгө оруулалтаа зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Автомашин үйлдвэрлэгч "Мерседес-Бенз" компани Герман дахь үйлдвэрүүддээ шинээр хийх хөрөнгө оруулалтаа зогсоож, зарим үйлдвэрээ хаах боломжийг судалж эхэлжээ.

Тус компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал Михаэль Шебе арваннэгдүгээр сарын 12-нд ажилтнууддаа зориулсан дотоод мэдээлэлдээ энэ шийдвэрийг танилцуулсан байна.

Тэрбээр үйлдвэрлэлийн зардал өндөр байгаагаас Германд цаашид хөрөнгө оруулах боломж хязгаарлагдсаныг тайлбарлажээ.

Компанийн мэдээлснээр Германд нэг цагийн үйлдвэрлэлийн хөдөлмөрийн зардал Зүүн Европын зарим үйлдвэртэй харьцуулахад тав дахин өндөр байна. Тухайлбал, Унгар дахь үйлдвэрт ажиллах хүчний зардал Германы үйлдвэрүүдийн дунджаас 75 хувиар бага байгаа юм.

"Мерседес-Бенз"-ийн удирдлага үйлдвэрлэлийн зардлаа бууруулахын тулд ажилтнуудын долоо хоногийн ажлын цагийг 35-аас 40 болгон нэмэгдүүлэх, нэмэлт урамшуулал болон зарим тэтгэмжийг танах санал гаргажээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр жилд 800 сая орчим евро хэмнэх боломжтой гэж тооцсон байна.

Гэвч ажилчдын төлөөлөл болон Германы металлург, цахилгааны үйлдвэрлэлийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл уг саналыг эсэргүүцэж байгаа юм. Талууд хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрээгүй байгаа аж.

Компанийн хүний нөөц хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн Бритта Зегер үйлдвэрүүдийг хаахаас зайлсхийхийг хүсэж байгаа ч үйлдвэрлэлийн зардлыг бууруулж чадахгүй тохиолдолд энэ хувилбарыг нарийвчлан судлахаас өөр аргагүй болсныг мэдэгджээ.

Үүний зэрэгцээ "Мерседес-Бенз" Унгарын Кечкемет хот дахь үйлдвэртээ нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. Өргөтгөлийн үр дүнд тус үйлдвэрийн жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 400 мянган автомашинд хүрэхээр тооцжээ.

Германы автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд ажиллах хүчний өндөр зардал, борлуулалтын бууралт, БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнтэй тулгарч байна. «Фольксваген» компани ч мөн үйлдвэрлэлийн зардлаа бууруулах зорилгоор ажилтнуудынхаа тоог цөөлж, Германы зарим үйлдвэрийнхээ ирээдүйн үйл ажиллагааг дахин төлөвлөж байгаа юм.

«Роланд Бергер» зөвлөх компанийн тооцоолсноор Германы автомашины үйлдвэрлэлийн салбарт 2030 он гэхэд 200 мянгаас доошгүй ажлын байр үгүй болж болзошгүй байна.

Одоогоор "Мерседес-Бенз" Германы үйлдвэрүүдээ бүгдийг нь хаах шийдвэр гаргаагүй бөгөөд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх эсэх нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулах хэлэлцээний үр дүнгээс хамаарах юм.

Хуваалцах