Газрын албадын ажлын уялдааг сайжруулахыг хүсэв
Мэдээллийн алба

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсний дараа тухайн газрыг цаашид хэрхэн ашиглахыг төлөвлөгөөнд тусгах шаардлагатайг хэлэв.
Тухайлбал, чөлөөлсөн газрыг ногоон байгууламж, нийтийн талбайд ашиглахын зэрэгцээ сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн хэрэгцээний газрын нөөцийг хадгалах шаардлагатайг онцоллоо. Харин төлөөлөгч З.Төмөртөмөө газар олголтын талаарх мэдээллийг НИТХ-ын төлөөлөгчдөд тухай бүрт хүргэх, нийслэл болон дүүргийн газрын албадын уялдааг сайжруулах шаардлагатайг хэлэв. Мөн Хан-Уул дүүргийн Яармаг орчимд иргэдэд олгогдсон 0.07 га газартай холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг тодруулах, иргэдтэй харилцах анхан шатны үйл ажиллагааг сайжруулах, уулын бүс рүү зорчих зам дахь хашаа, хаалт зэрэг бодит асуудлыг шийдвэрлэх талаар хөндлөө.
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан иргэдийн гомдлын дийлэнх нь орон сууцны хотхон дахь хаалттай холбоотойг хэлж, асуудлыг зөвхөн албан бичиг хүргүүлэх байдлаар бус хотын стандарт, журмаар зохицуулах боломжийг судлахыг хүсэв. Мөн газар зохион байгуулалт, төлөвлөлтийн өөрчлөлтийг жил бүр давтан оруулах бус зам, дулаан, цахилгаан, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэгийн газрын нөөцтэй уялдуулан төлөвлөх шаардлагатайг хэлэв.
Түүнчлэн төлөөлөгчид өмнө нь батлагдсан газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, газар олголтыг нийслэлийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах, газар чөлөөлөлтийн дараах ашиглалтыг урьдчилан төлөвлөж байхыг анхааруулав. Ингэхдээ зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн газрын нөөцийг төлөвлөгөөнд тусгаж, нэг шийдвэрээс шалтгаалан дараа нь дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалтын зардал гаргах нөхцөл үүсгэхгүй байх нь чухал гэдгийг онцолсон юм.
Хуралдааны төгсгөлд Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Б.Ану-Үжин “Газар зохион байгуулалт бол төлөөлөгчдөд иргэдээс хамгийн их санал, гомдол дагуулдаг асуудлын нэг. Хашаа, гарааш чөлөөлөлтийн дараах газрын төлөвлөлтийг тодорхой болгох, газрын дамын наймаатай холбоотой асуудалд анхаарах шаардлагатай”г хэлэв. Мөн дүүргүүд ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө төлөөлөгчдийн саналыг тусгаж, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой байршлуудыг тодорхойлох чиглэл өглөө.
Цаашид төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, иргэдийн амьдрах орчинд бодит өөрчлөлт бий болгохуйц ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг уриаллаа.


















