Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт Улаанбаатар хотын “М Банк арена”-д энэ сарын 26-30-нд болно. Нийт 12 баг найман эрхийн төлөө хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөж байгаа юм.

Тодруулбал, Монголын шигшээ баг “F” хэсэгт Тайланд, Хонконг, Малайз, Индонез, Фижи багтай орсон. Үүнээс манай шигшээ баг энэ сарын 26-нд Индонез, 27-нд Хонконг, 29-нд Малайзын багтай тоглоно.
Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн шигшээд Ш.Энхийн-Од, А.Азбаяр, Х.Оргил, Ч.Маргад, Б.Барсболд, Э.Түшиг, С.Биндэръяа, Г.Дөлгөөн, Н.Батбаяр, М.Өлзий-Орших, Г.Болор-Эрдэнэ, О.Өсөхбаяр нар багтсан бөгөөд багийн ахлах дасгалжуулагчаар Э.Ариунболд ажиллана.
Харин багийн ахлагчаар АНУ-ын Хөгжлийн лигийн “Осеола Мэжик” багийн тоглогч Ш.Энхийн-Одыг сонгожээ. Гадаадын лигт тоглож байсан дөрвөн тоглогчоос гурав нь эх орондоо ирсэн бол “Фүкүй Блоувайндс” багт зүтгэж буй Х.Оргил нар өнөөдөр ирж, багтайгаа нэгдэнэ.
Монголын шигшээд 2.0 метрээс дээш өндөртэй таван тоглогч байгаа бол багийн хамгийн ахмад нь Н.Батбаяр, намхан нь Э.Түшиг аж.


















