Гэр бүл хамгааллын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үйлчилгээ үзүүлэх талаар хэлэлцүүлэг боллоо.
Мэдээллийн алба

Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үйлчилгээ үзүүлэх талаар хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран дүүргийн 23 хорооны нийгмийн ажилтны дунд зохион байгуулсан юм. Энэхүү хэлэлцүүлгээр 2016 он гарсаар гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг танилцуулан нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгч, хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдах хүчирхийллийн эсрэг авч буй арга хэмжээ, үйлчилгээ, цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс хороодын нийгмийн ажилтнуудад кейс ажиллуулж, багаар хэрхэн ажиллах чиглэлээр дотоодын сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр тус төвийн дарга Х.Болор-Эрдэнэ хороодын хөгжлийн нийгмийн ажилтнуудтай хамтран алдаа оноогоо дэнсэлж цаашид юунд анхаарч ажиллах чиглэлээр зөвлөгөө өгсөн. Хороодын нийгмийн ажилтнууд харилцан туршлага хуваалцан мэдлэгээ дээшлүүлэх, шийдвэрлэж чадахгүй байгаа кейс дээрээ дээд шатны байгууллагаас зөвлөгөө авах, төрийн байгууллагуудын хоорондын харилцаа холбоог сайжруулах зэрэг олон талаар санал бодлоо хуваалцлаа. Уг хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын орлогч Т.Нямцэцэг оролцож нийгмийн ажилтнуудтай цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцаж ярилцсан юм.


















