Гэрээт хилчид төгсөлтөө хийлээ
Хил хамгаалах байгууллагын 2015 оны гэрээт хилчний хоёрдугаар ээлжийн анхан шатны сургалт төгсөлтөө хийлээ.
Мэдээллийн алба

Хил хамгаалах байгууллагын 2015 оны гэрээт хилчний хоёрдугаар ээлжийн анхан шатны сургалт төгсөлтөө хийлээ. Баянчандмань дахь Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт 21 хоногийн хугацаатай болсон энэхүү сургалтад 160 гаруй гэрээт хилчин хамрагдан төгссөн юм. Гэрээт хилчдэд найман төрлийн 144 цагийн хичээл зааж, мотоциклийн А ангиллын сургалтад 15 гэрээт цэрэг хамрагдан төгссөн байна. Мөн морин бэлтгэл, албаны амьтадтай харьцах үеийн аюулгүйн арга хэмжээний талаар дүрмийн болон дадлагын хичээлийг оржээ. Төгсөлтийн арга хэмжээнд ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ХЗЯ-ны ахлах мэргэжилтэн Ч.Дашням болон албаны бусад хүмүүс, ар гэрийн төлөөлөл оролцлоо. Гэрээт хилчид жагсаалын үзүүлэх тоглолт, бие хамгаалах урлаг, морин болон галын бэлтгэл, мотоцикль жолоодох ур чадвар болон урлагийн тоглолтыг сонирхуулсан юм.

Гэрээт хилчдийн төгсөлтийн арга хэмжээнд эцэг, эхчүүдийн төлөөлөл ирсэн байсан бөгөөд тэдний нэг болох Улсын баатар Дүгэрийн Гуулингийн гэр бүл эдүгээ 89 нас хүрч буй Б.Цэендэлэг гуайд ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав хүндэтгэл үзүүлэхэд ач хүүгээ өвөөгийнхөө алба хаасан Халхын голын домогт отряд руу өөрийнхөө саналаар явах гэж байгаад нь их баяртай байгаагаа хэлж байлаа. Мөн ахмад хилчин ахлах ахлагч Ж.Нямдаваа “Миний бие 26 жил хилд алба хаахдаа сураагүй эрдмийг гэрээт цэргүүд тэр дундаа хүү маань 21 хоногийн хугацаанд сурсныг хараад бахархаж байна” хэмээн ярьсан юм. Ийнхүү гэрээт хилчдийн 15 дахь удаагийн төгсөлт амжилттай болж тэд улсын хилд үүрэг гүйцэтгэхэд бэлэн боллоо.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар


















