Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы эрх баригчид дүрвэгчдийн талаар баримтлах бодлогоо чангатгана

Өчигдөр Германы парламентын доод танхим дүрвэгчдийн талаарх бодлогоо чангатгах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Тус улсын канцлер Ангела Меркелийн харьяалагддаг эрх баригч эвслийн намууд энэ асуудлаар

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы эрх баригчид дүрвэгчдийн талаар баримтлах бодлогоо чангатгана
Германы эрх баригчид дүрвэгчдийн талаар баримтлах бодлогоо чангатгана. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Германы парламентын доод танхим дүрвэгчдийн талаарх бодлогоо чангатгах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Тус улсын канцлер Ангела Меркелийн харьяалагддаг эрх баригч эвслийн намууд энэ асуудлаар байр суурийн зөрүүгээ арилгасны дараа хамтран дээрх хуулийн төслийг боловсруулсан юм. Германы парламентын доод танхимын хууль тогтоогчдын 429 нь тус хуулийн төслийг дэмжсэн бол 147 нь эсрэг санал өгчээ. Энэ хуульд цагаач дүрвэгчдийн орогнол эрэх өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх болон орогнох эрх авч чадаагүй дүрвэгчдийг нутаг дэвсгэрээсээ гаргах зэрэг ажлыг түргэтгэх, зарим шалгуурыг хангаж чадаагүй дүрвэгчдийн гэр бүлийг Германд оруулахаас татгалзах зэрэг зүйл заалт багтжээ.

Мөн энэ хууль батлагдвал холбогдох албаныхан өмнө нь хорих ял авч байсан дүрвэгчдийг Германаас албадан гаргах эрхтэй болох юм байна. Тус хуулийн төсөл батлагдвал энэ сард багтан хэрэгжиж эхлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн сард Германы хилээр 90 гаруй мянган цагаач дүрвэгч нэвтэрсэн гэх тооцоо байгаа юм. Энэ нь 2015 оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн дүн юм байна. Хавар ирж, цаг агаар дулаарч эхлэхэд Европ тивийг зорьсон цагаач дүрвэгчдийн урсгал эрс нэмэгддэг хандлага өнгөрөгч жилүүдэд ажиглагдаж байсан.

Иймээс энэ оны хавраас урьтаж Германы эрх баригчид дүрвэгчдийн талаарх бодлогоо чангатгахаар зорьж байгаа юм. Европын холбооны хэд хэдэн орон дүрвэгчдийг нутаг дэвсгэртээ хүлээн авах квотыг дагаж мөрдөхөөс татгалзаж байна. Мөн Туркээс Хойд Европыг зорьсон дүрвэгчдийн дамжин өнгөрдөг гол орнууд хилээ хааж байгаа юм. Үүнээс үүдэн Газар дундын тэнгисээр дамжин Европт хүрсэн дүрвэгчдийг хүлээн авдаг эхний орон Грект хүмүүнлэгийн хямрал болох аюул нүүрлэж байгааг шинжээчид анхааруулж байна.

Хуваалцах