Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гэртээ амтат жүрж тарьж болно

Амтат жүрж нь (citrus sinensis) Зүүн өмнөд Азиас гаралтай байгаль дээр 4-5 м өндөр ургадаг олон наст мөнх ногоон ургамал.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэртээ амтат жүрж тарьж болно
Гэртээ амтат жүрж тарьж болно. Зураг: МҮОНРТ

Амтат жүрж нь (citrus sinensis) Зүүн өмнөд Азиас гаралтай байгаль дээр 4-5 м өндөр ургадаг олон наст мөнх ногоон ургамал. Тасалгаанд тарихад 1-1.5 м хүртэл өндөр ургана. Маш сайхан анхилуун үнэртэй том цагаан цэцэгтэй бөгөөд шавьжаар тоос хүртдэг учир тасалгаанд гараар тоос хүртээнэ. Жимс нь нийлж ургасан 9-13 хэсгээс бүрдэх ба 2-12 ширхэг үр боловсорсон байдаг. Та гэртээ өөрийн гараар ургуулсан жүржийг идэх боломжтой. Жүрж тарихыг хүсч байвал дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Үрээр тарихдаа: Хар шороон, хөвдөн хөрсөнд тарихад тохиромжтой. Үрийг суулгаж сайтар услаад гэрэлтэй дулаан газар байрлуулна. Хөрс сийрэг байх нь тохиромжтой. 3-4 долоо хоногийн дараа соёолдог. Соёолсноос хойш эхний жил орчим хугацаанд нилээд удаан ургадаг.

Усалгаа: Зуны улиралд сайн усалж хөрсийг чийглэг байлгахаас гадна халуун өдөр усаар хэд хэдэн удаа шүршиж өгөх хэрэгтэй. Өвөл усалгааг багасгана.

Гэрлийн тохиргоо: Халуун орны ургамал учир ихээхэн гэрэлсэг. Тасалгааны хамгийн гэрэлтэй хэсэгт буюу нарны шууд тусгалд байрлуулна. Урагш харсан цонхтой өрөө тохиромжтой.

Дулааны горим: Хүйтэнд тэсвэр муутай ургамал. Зуны цагт халуун өдөр гадагш гаргаж тагтан дээр байрлуулж болно. Аль ч улирал бай температурыг 8-10С-ээс доош оруулвал ургамал гэмтэж эхэлдгийг анхаар.

Бордоо: Зуны улиралд сард хоёроос доошгүй удаа эрдэс бордоогоор бордоход сайн. 7-8 нас хүртэл нь жилд нэг удаа шилжүүлэн суулгах ба түүнээс хойш 2-3 жилд нэг удаа шилжүүлнэ.

Хортон шавьж: Аалзан хачиг, бамбайт зэрэг хортон шавьжинд өртөмтгий, навч толботох, хөөн хар мөөгийн үүсгэдэг өвчинд нэрвэгдэх магадлалтай.

Хуваалцах