Гимнастикийн Азийн АШТ, Азийн “Гимнастрада” их наадам Улаанбаатарт болно
Гимнастикийн найм дахь удаагийн Азийн АШТ 2023 онд, зургаа дахь удаагийн Азийн “Гимнастрада” их наадмыг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Азийн гимнастикийн холбоо Монгол Улсад олгосон.
Мэдээллийн алба

Гимнастикийн найм дахь удаагийн Азийн АШТ 2023 онд, зургаа дахь удаагийн Азийн “Гимнастрада” их наадмыг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Азийн гимнастикийн холбоо Монгол Улсад олгосон.
Дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах Спортын ордон, барилга байгууламж, тамирчдын байрлах зочид буудал зэргийг шалгах ажлаар Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч, Япон улсын иргэн Араки Тацуо Монголд хүрэлцэн ирээд байна.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр ноён Араки Тацуог Олимпик хауст хүлээн авч уулзан, ажил хэргийн яриа өрнүүлжээ.
Ноён Тацуо уулзалтын үеэр “Гимнастрада” наадмын талаар танилцуулж, Олон улсын гимнастикийн холбооны зүгээс бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж байгааг онцлов.
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр зэрэглэлийн хоёр арга хэмжээ зохион байгуулахаар болсон Монголын гимнастикийн холбоонд баяр хүргэж, наадмын зохион байгуулалтад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Сонирхуулахад, Зургаа дахь удаагийн Азийн “Гимнастрада” наадамд 16 орны 1500 гаруй оролцогч өрсөлдөх аж.


















