“Гол нь дуул” яруу найргийн түүвэр хэвлэгдэв
Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэмийн гишүүн, яруу найрагч Т.Есөн-Эрдэнийн “Гол нь дуул” яруу найргийн түүвэр хэвлэгдэн гарлаа.
Мэдээллийн алба

Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэмийн гишүүн, яруу найрагч Т.Есөн-Эрдэнийн “Гол нь дуул” яруу найргийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Тэрбээр өмнө “Дотогшоо” /2009/ шүлгийн эмхэтгэл, “Шинэ үнэр” /2012/ хамтын номууд тус тус хэвлүүлж байсан юм.
Түүний энэхүү номыг Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, зохиолч Ц.Буянзаяа хянан тохиолдуулжээ. “Гол нь дуул” номын өмнөтгөлд бичсэн үгэндээ Ц.Буянзаяа, “Т.Есөн-Эрдэнийн шүлгүүд нь сэтгэлгээний хувьд ч, хэлбэрийн хувьд ч эрэлхийллээр дүүрэн бичигдсэн байх бөгөөд яруу найргийн амин чанар болсон дотоод үнэнээс үүдэн өгүүлэгдсэн хандлагатай байгаа нь юун түрүүнд анзаарагдаж байна. Түүнчлэн зөвхөн яруу найргаас л сонсогддог тэр аялгуу, зөвхөн яруу найрагт л байдаг тэр өнгө дүрс шүлгүүдэд нь оршин буй нь ч анхаарал татаж байна. Тэр бас яруу найргийг "Хөх бэхэн зураг" хэмээн өөрийнхөөрөө нэрийдэн өгүүлжээ. Яруу найрагч Т.Есөн-Эрдэнийн "Гол нь дуул" нэртэй "Хөх бэхэн зураг" ийнхүү уншигч таны өмнө дэлгэгдэж байна. Энэ "Хөх бэхэн зураг" яруу найргаас таны хүсэн хүлээдэг бүхнийг өнгө зохиролдоо шингээн урласан гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна” гэжээ.


















