Их хотыг сэрээж, хичээлийн шинэ жил эхэллээ
Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. Өнгө алаглах цэцэгс барин, найз нөхөдтэйгөө зэрэгцэн гүйлдэх хөөрхөн жаалууд, номын шинэхэн цүнх үүрэн аав, ээжийнхээ гараас хөтлөн алхах бяцхан сурагчид, шил цонх нь гялалзах эрдмийн өргөө болсон сургууль. Анх удаа бие биеэ гайхан харах нэгдүгээр ангийн бяцхан жаалууд хаа сайгүй тааралдах. Гурван сар нэгнийгээ хараагүй нэг ангийнхан уулзалдан баясаж, өдөр өдрөөр ижилдэн дассан анги танхимдаа цугларан, амралтын сонин сайхныг ам булаалдан хөөрөлдөх мөч. Сургууль бүрийн гадаа уянгалаг хөгжим эгшиглэж, багш, сурган хүмүүжүүлэгчид цэцгийн баглаагаа дааж ядан тэврэн зогсоно. Инээд баясал, цог золбоо нь гялалзах сурагч насны бас нэгэн тэмдэглэлт өдөр ийнхүү эхэлж байна.
Энэ л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эх орон даяар эхний хичээлийг заадаг уламжлал тогтсон. Тэрбээр энэ жил эх орон даяар эхний хичээлийг "Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр заана. Хичээлийг МҮОНТ-ээр болон MNB.mn цахим хуудсаар өнөөдөр буюу 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрийн 11.00 цагаас шууд дамжуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа”, 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”, 2014 онд "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө” гэсэн сэдвээр хичээл зааж байсан.
Энэ жилийн хувьд сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох тал дээр их анхаарал тавьсан жил болж байна. Өнгөрөгч хоёр жилд төв, орон нутгийн зарим цэцэрлэгт сургалтын цөм хөтөлбөрийн сургалт явуулсан. Хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийн ур чадварыг нээж, хөгжүүлэхэд оршиж байгаа. Үр дүнд нь тухайн хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бие дааж сурах арга барил эзэмшсэн байх нь чухал гэж албаныхан онцолж байна. Энэ цөм хөтөлбөрийн туршилт амжилттай болсон учир маргаашнаас улсын бүх цэцэрлэгт цөм хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлнэ.
Ирж буй 2015-2016 оны хичээлийн жилтэй холбоотойгоор зарим тоо баримтыг дурдаж байна.
- 2015-2016 оны хичээлийн жилд Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт элсэж I болон III дугаар курсээс мэргэжлээ сонгон суралцдаг тогтолцоонд бүрэн шилжинэ. Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжсэнээр оюутнуудад мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн болох боломж бүрдэх юм.
- Ерөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64364 хүүхэд элсэн суралцана.
-Энэ жил цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 218 мянгыг нь л хүлээн авах хүчин чадал байгаа аж. Тодруулбал, 1225 цэцэрлэгт 218100 хүүхэд хамрагдаж байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хүүхдийн тоо 11400-аар нэмэгдэж байна.
- Улсын хэмжээнд цэцэрлэгт 6900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28 800 багш ажиллана.
- Нийслэлд 2012-2014 онд 29032 хүүхдийн хүчин чадалтай 61 сургуулийн, 9440 хүүхдийн хүчин чадалтай 94 цэцэрлэг, 2715 хүүхдийн хүчин чадалтай 26 дотуур байр, 28 спорт заал барьсан бол 2015 онд нийт 5690 суудал бүхий 14 сургууль, 5820 ор бүхий 47 цэцэрлэг, 2460 суудал, 1440 ор бүхий 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 920 ор бүхий 9 дотуур байр, 7 спорт заалыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
- Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил явагдаж байгаа бол концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана.
- Сурах бичгийн тухайд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I-IV ангид 33, VI-IX ангид 63, X-XII ангид 39 нэрийн нийт 135 сурах бичгийг хэрэглэхээр болсон. Нийтдээ 1.2 сая сурах бичиг хэвлэгдэж, улс даяар хүргэгдээд байна.
- Бага ангийн хүүхдүүд сурах бичгээр үнэ төлбөргүй хангагдах бол ахлах, дунд ангийн сурах бичгийн зах зээлд борлуулах дундаж үнэ 2600 төгрөг байна. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид оёж, борлуудах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа юм.
Ийнхүү Монголын хүн амын 75 гаруй хувийг эзэлдэг хүүхэд, залуусын том баяр, их өөрчлөлт, шинэчлэлтийг дагуулсан “Хичээлийн шинэ жил” эхэллээ. Зуны гурван сар нам гүмхэн байсны эцэст хичээлийн хонхны дуугаар сэрсэн их хот дахин есөн сарын туршид хүүхэд, залуусын инээд, хөөр, дуу, шуугианд автах нь ээ.


















