Их мастер Т.Мөнхзулыг 30 сая төгрөгөөр шагнана
их мастерын болзол биелүүлсэн Т.Мөнхзулд Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн урамшуулал (30 сая төгрөг)-ын батламж гардууллаа.
Мэдээллийн алба

Энэтхэгийн Ченнай хотод Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд болж, шигшээ багийн ахлагч Ц.Батсайханы удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ баг Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн шигшээ баг А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар онцгой амжилт байгуулсан билээ.
Амжилт байгуулсан баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан шагнал гардууллаа. Энэ үеэр дасгалжуулагч С.Ган-Од, Д.Батсүрэн, тамирчин Б.Гүндаваа, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр шагнаж урамшуулав. Мөн их мастерын болзол биелүүлсэн Т.Мөнхзулд Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн урамшуулал (30 сая төгрөг)-ын батламж гардууллаа.
Түүнчлэн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн шатрын олимпиадад өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдадаа хандан баяр хүргэж, амжилт хүссэнийг энэ үеэр уламжилжээ.
Монголын шатарчдын Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад үзүүлсэн онцгой амжилтыг дурдвал, дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул алтан медаль хүртсэн бол Т.Мөнхзул их мастерын болзол хангасан. Тус тэмцээний шилдэг 20 шатарчны тоонд Монгол Улсын гурван тамирчин багтсан. Мөн нийлбэр дүнгээр шилдэг 30 холбоог нэрлэхэд Монголын шатрын холбоо 24 дүгээр байр эзэлсэн. Нэмж мэдээлэхэд Г.Амартүвшин Б.Мөнгөнзул нар Олон улсын мастер цолны болзол хангаж, Б.Нямдаваа Олон улсын шүүгчийн болзол биелүүлжээ.


















