Ихэнх нутгаар хүйтэрнэ
Мэдээллийн алба

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
19-нд Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 20-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн баруун хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурга, 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы ихэнх, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.1-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэх нь.
Иймд, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлийг тооцоолж холын замд гарахдаа цаг агаарын мэдээг заавал шалгаж, шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх, малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх, төөрөх, болзошгүй аюул осолд өртөхөөс сэрэмжлээрэй.


















