Иракт гарсан халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээлээ
Өчигдөр Иракийн үйлдвэрт гарсан террорист халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядагч бүлэглэл өөртөө хүлээлээ. Исламын шашны сунит урсгалын
Мэдээллийн алба

Өчигдөр Иракийн үйлдвэрт гарсан террорист халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядагч бүлэглэл өөртөө хүлээлээ. Исламын шашны сунит урсгалын тус алан хядагч бүлэглэл ойрын өдрүүдэд Ирак улсад шил дараалсан халдлага зохион байгуулж, 100 гаруй хүний аминд хүрсэн юм.

Өчигдөр Багдад хотын байгалийн хийн үйлдвэрт гарсан халдлагын улмаас 10 хүн амь үрэгдсэн талаар тус хотын захирагч мэдээллээ. Амь үрэгдэгсдийн 7 нь цагдаагийн албан хаагчид, харин 3 нь үйлдвэрийн хамгаалалтын ажилтнууд байжээ. Иракийн хойд хэсэгт байрлах тус үйлдвэрт орон нутгийн цагаар үүрийн 5 цагт халдлага эхэлсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр амиа золиослогч 2 этгээд үйлдвэрт тэсрэх бөмбөг дэлбэлж, дараа нь 6 зэвсэгт этгээд үйлдвэрийн байр луу дайран орохоор завдсан байна. Алан хядагчдын эсрэг ажиллагаанд Багдадын хойд хэсэг дэх цэргийн баазаас байлдааны 2 нисдэг тэрэг дайчилсан байна.

Аюулгүйн хүчнийхэн 7 албан хаагчаа алдсан ч, алан хядагчдыг үйлдвэр лүү нэвтрүүлэлгүй тогтоож чаджээ. Амь үрэгдсэн хүмүүс дээр нэмэн 24 хүн шархадсан, байгалийн хий хадгалах 3 сав шатаж байгаа байдалтай байна. Халдлагад өртсөн үйлдвэр нь ахуйн хэрэглээнд ашиглах зориулалттай савласан байгалийн хий үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэрийн аюулгүй байдлын хяналт хамгаалалт тун хангалтгүй түвшинд байсныг халдлагын дараа Багдад хотын захирагч эрс шүүмжилжээ.


















