Ираны Хувьсгалт гвард АНУ, Израилыг бүс нутгаас гарахыг шаардлаа
Мэдээллийн алба

Ираны Исламын хувьсгалт гвардын корпус АНУ болон Израил Ойрх Дорнод дахь цэргийн оролцоогоо зогсоож, бүс нутгаас гарах ёстой гэж мэдэгдлээ. Тус байгууллага есдүгээр сарын 22-нд гаргасан мэдэгдэлдээ хоёр улсын бүс нутаг дахь оролцоог эрс шүүмжилж, Ираны эсрэг ажиллагаа үргэлжилбэл хариу арга хэмжээ авахаа анхааруулжээ.
Үүний өмнө Хувьсгалт гвардын төлөөлөгч Хоссейн Мохебби АНУ мөргөлдөөнийг хурцатгавал Иран зэвсэг, тактик болон байны сонголтоо өөрчилж, ажиллагааныхаа газарзүйн хүрээг тэлж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Харин АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Майк Уолтц Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх байр суурь хэвээр байгааг мэдэгдээд, Тегеран “сайн санааны үндсэн дээр” хэлэлцээнд эргэн оролцох боломж нээлттэй гэжээ.
Мөн Ормузын хоолойд худалдааны хөлөг онгоцтой холбоотой дахин нэг хэрэг гарсан байна. Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төвийн мэдээлснээр нэг хөлөг үл мэдэгдэх сум, пуужингийн хэлтэрхийд өртжээ. Өмнөх өдөр мөн нэг танкер үл мэдэгдэх биетэд цохиулж, багийн хоёр гишүүн шархадсан талаар мэдээлсэн байна.
Ормузын хоолой дахь худалдааны хөлөг онгоцны хөдөлгөөн дайны өмнөх үеийнхээс эрс буурсан хэвээр байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд 17 ачааны хөлөг Ормузын хоолойгоор нэвтэрсэн нь өмнөх долоо хоногийн 37-оос буурсан үзүүлэлт юм.


















