Иргэдийн бичиг баримтыг гэрт нь хүргэж өгнө
Өнөөдрөөс хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа олголт ТҮЦ машинд нэмэгдсэн ба бүртгэлийн үйлчилгээг цахимжуулж шат дамжлагагүй, шуурхай болгох ажил цаашид ч үргэлжилнэ гэж УБЕГ-ын удирдлагууд мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас авдаг бүртгэл, лавлагааны бүх баримт бичгийг ТҮЦ машинаар авах боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд нийт 160 мянга гаруй иргэн ТҮЦ машинаар дамжуулан иргэний болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа мэдээллийн үйлчилгээ авсан байна.
Өнөөдрөөс хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа олголт ТҮЦ машинд нэмэгдсэн ба бүртгэлийн үйлчилгээг цахимжуулж шат дамжлагагүй, шуурхай болгох ажил цаашид ч үргэлжилнэ гэж УБЕГ-ын удирдлагууд мэдэгдлээ.
Мөн хаясан, гээсэн цахим үнэмлэхээ ТҮЦ машин, интернэтээр захиалдаг үйлчилгээг ойрын хугацаанд нэвтрүүлэх аж. Энэ ондоо багтааж анхан шатны нэгж болох хорооноос бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг болно. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 15 гэхэд эхний ээлжинд нийслэлийн 42 хорооноос улсын бүртгэлийн 16 төрлийн үйлчилгээ үзүүлж эхлэх ажээ.
Түүнчлэн бичиг баримтыг иргэний захиалгын дагуу гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээ нэвтрүүлсэн бөгөөд одоогоор баталгаат шуудангаар дамжуулан гадаад паспортыг хаягаар хүргэж байна, цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг иргэний хүсэлтээр хаягаар нь хүргэдэг болгоно гэж УБЕГ-ын удирдлагууд мөн мэдэгдлээ.


















