Иргэн Б: Надад урмын үг эм шиг л санагддаг
Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Нийгэмд “чимээгүй тахал” гэж нэрлэгдэх болсон ХДХВ/ДОХ-ын халдвартай хүн бидний дунд цөөнгүй болжээ. Бусдад гадуурхагдан адлагдсан ч шантарч байгаагүй гэх энэ эмэгтэйг Б гэдэг.
Мэдээллийн алба

Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Нийгэмд “чимээгүй тахал” гэж нэрлэгдэх болсон ХДХВ/ДОХ-ын халдвартай хүн бидний дунд цөөнгүй болжээ. Бусдад гадуурхагдан адлагдсан ч шантарч байгаагүй гэх энэ эмэгтэйг Б гэдэг. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Хоёулаа ярилцлагаа таны бага наснаас эхэлье. Багадаа ямар хүүхэд байв?
-Би айлын ганц хүүхэд. Аав, ээжтэйгээ гурвуулаа амьдардаг. Багадаа их сэргэлэн цовоо хүүхэд байсан санагддаг. Хичээл, сурлагадаа ч сайн байлаа. Хүүхэд ахуй насны минь олон сайхан дурсамж байдаг ч бусдад дэлгэн ярихыг хүсэхгүй байна. /Хоолой нь зангирав/
-Өнөөгийн нийгэмд эмзэг сэдэв болоод байгаа ХДХВ/ДОХ-ын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Магадгүй танд эвгүй байж болох юм. Гэсэн ч бидний ярилцлага өөр олон хүнд сэтгэлийн дэм өгөх байх гэж найдаж байна...
-Тэгэх байх аа. Намайг урьж, ярилцлага авч байгаа та нарт талархаж байна.
-Та халдвартай гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Одоо би 27 настай. Халдвар авснаа одоогоос зургаан жилийн өмнө мэдсэн. Тэр үед маш өндөр халуурсан. Тэгээд өрхийн эмчдээ үзүүлээд эмчилгээ хийлгэсэн ч бие маань дээрдээгүй. Тэгээд нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх хэрэгтэй юм байна гэж бодоод шинжилгээ өгсөн. Шинжилгээ авсан хүн нэг өдөр над утасдаад ДОХ-ын халдвар авсан байна гэж хэлсэн. Би эхлээд итгэж өгөхгүй, шинжилгээний хариу буруу зөрүү гарах тохиолдол бий юу, та хүнтэй андуураад байна уу гэж хүртэл асууж, маш их цочирдсон.
-Халдвартай гэдгээ мэдээд та хамгийн түрүүнд хэнд хандсан бэ?
-Би хамгийн түрүүнд ээждээ хэлсэн /санаа алдав/. Ээжийн маань царай цонхийгоод, бас их цочирдсон. Эхэндээ итгэхгүй тоглоод байгаа юм уу гэж асууж билээ. Дараа нь би шинжилгээний хариугаа үзүүлсэн л дээ. Тэгээд удсан ч үгүй ээж маань юу ч болоогүй юм шиг инээгээд “Миний охин энэ бүхнийг туулж давж чадна” гэж хэлсэн. Надад сэтгэлийн хат суулгасан хүн бол миний ээж. Ээж одоог хүртэл надад урам зориг хайрласаар л байгаа. Ээж маань үгүй болчихвол надад амьдрах шалтгаан байхгүй санагддаг. /Хэсэг хугацаанд уйлав/
-Ээж тань эерэгээр хүлээж авсан юм байна. Таны аав энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би аавдаа одоог хүртэл хэлээгүй. Миний аав намайг өвдөхөөс жилийн өмнө харвачихсан юм. Тийм болохоор ийм мэдээ дуулгаж төвдөөгүй. Би үнэнээ хэлчихвэл би үхэх биш, аавыг минь надаас аваад явчих юм шиг санагдсан. Тиймээс одоог хүртэл нуусаар яваа.
-Харин нийгэм таныг хэр хүлээн авч байна вэ?
-Хүмүүс их сөрөг ойлголттой ханддаг. ДОХ-той гэдгийг мэдчихвэл харааж, зүхэх зэргээр доромжлоод зогсохгүй харц нь хүртэл өөр болчихдог. Заримдаа бүр чимээгүйхэн алга болоод юм уу, амиа егүүтгэмээр үеүд байсан. Гэхдээ одоо ийм бодол төрөхөө больсон. Хүмүүс ч энэ өвчнийг зах зухаас нь гадарладаг болж. Хүн ийм өвчин туссанаа мэдээд эхлээд айдас түгшүүрийг маш их мэдэрдэг. Айдаг учраас гэртээ л ихэнх цагийг өнгөрүүлдэг байсан. Найзууд маань заримдаа ирж сэтгэл санаагаар дэмждэг. Намайг үргэлж ойлгодог. Нэг найзыг маань над дээр ирээд байгааг гэрийхэн нь мэдээд гэрээсээ хөөсөн гэсэн. Түүнээс хойш найзуудаа хүртэл өөрөөсөө түлхэх болсон доо.
-Та их залуудаа аймшигт өвчин тусчээ. Өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэж байв уу?
-Намайг дөнгөж вирус тээгч байхад 40 бил үү, 50 долларын үнэтэй ретровирусын эсрэг эм байдаг байсан. Би тэр эмийг уудаг байлаа. Хүн үхэхгүйн тулд юу л бол юуг хэрэглэдэг юм байна лээ. Одоо бол тэр эм үнэгүй тараагддаг. Түүнийг л ууж байна даа.
-Та эрүүл байсан бол ямар ирээдүйг төсөөлөх вэ?
-Мэдээж бусдын адил сайхан л амьдарна /инээмсэглэв/. Гэр бүл, үр хүүхэдтэй болно. Бусдын дээр гардаггүй юм аа гэхэд доор нь орчихгүй тийм л сайхан амьдрахыг хүсч байна. Би энэ хорвоо дээр үрээ үлдээхгүй явах гэж байгаадаа гутарч өөрийгөө зүхдэг.
-Энэ зовлонг танд өгсөн хүнтэй та холбоотой байдаг уу?
-Би халдвар авснаа мэдээд түүнд хэлсэн л дээ. Тэр миний мэдсэний өмнөх өдөр мэдсэн юм байна лээ. Хамт уйлж зөндөө суусан. Тэр явахдаа уучлал гуйсан. Хэд хоногийн дараа өөрийгөө хороочихсон гэж дуулсан. Би түүнд гомдоогүй. Энэ л бидний бүтэлгүй хувь тавилан байсан юм байгаа биз л гэж боддог.
-Би ХДХВ/ДОХ-той хүмүүсийг сэтгэл зүйн асар их тэнхээтэй гэж хувьдаа боддог. Тэгээд өнөөдөр тантай ярилцахад энэ бодол маань бараг батлагдчих шиг санагдлаа?
-Баярлалаа. Ийм өвчнөөр өвдсөнөө мэдээд надад амьдрах хүсэл төрөөгүй. Удлаа гэхэд өөрийгөө 4-5 жил л амьдарна гэж бодсон. Сэтгэлээр унаж, арга мухардахдаа хяналтынхаа эмчид хандсан юм. Тэр эмч надад ийм өвчин туссан хүмүүст зөвлөгөө өгдөг байгууллага байдгийг хэлж, тэр газар очоорой гэсэн. Ингээд би “Шинэ өөдрөг амьдрал” ТББ-ыг зорьж очсон. Энэ байгууллагын гишүүн ч болсон. Энэ хамт олон урд өмнө нь төсөөлж байгаагүй халуун дотноор намайг хүлээн авсанд их баярладаг. Тэр хүмүүсийн урмын үг, үргэлж дэргэд минь байж намайг дэмждэг ээжийнхээ инээмсэглэлээс би өдөр бүр амьдрах итгэлээ олж авч, өдийг хүртэл амьдарч байна даа.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. ХДХВ/ДОХ-ын вирус тээгч гэдэг нэрийг зүүж, магадгүй амьдрах хүслээ гээсэн хүмүүст хандаж та юу хэлэх вэ?
-Надад урмын үг эм шиг л санагддаг. Тиймээс шаналж зовсон, зүдэрсэн нэгэндээ урмын үг хэлж байгаарай. Хэрвээ бид чадна гэж зүтгэвэл хүссэндээ хүрэх амархан байдаг юм байна. Энэ өвчинтэй хамтдаа тэмцэцгээж, хамтдаа даван туулцгаая.
Л.Сайнбаяр


















