Х.Тэмүүжин: Ж.Амарсанаагийн асуудлыг хэлэлцэж байгаа нь хууль зөрчөөгүй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. Харин үүний өмнө Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн үйлдэл болон эгүүлэн татах хуулийн үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-д болон иргэдийн дунд маргаантай, зарим талаар ойлголтын зөрүүтэй, талцал байна. Энэ маргааныг тойроод гурван асуудал байна. Нэгдүгээрт цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгт тавигдах шаардлага мөн үү, үгүй юу. Өөрөөр хэлбэл ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчсөн бол зөрчсөн асуудлаар нь цэц шийдвэр гаргах ёстой. Анх илгээсэн байгууллага санал гарах ёстой. Энэ хоёр цугтаа байж асуудал явах ёстой гэж зарим хүмүүс тайлбарлаж байна. Хоёрт нь дээд шүүхийн санал нь “санал” мөн байсан уу үгүй юу гэж маргаж байна. Дээд шүүхийн саналыг УДШ-ийн Ерөнхий шүүгч гаргах ёстой байсан уу, эсвэл УДШ-ийн нийт гишүүн хуралдаж гаргах ёстой байсан уу гэдэг маргаан явж байна. Гуравт нь ҮХЦ-ийн даргыг хууль зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ гэдэг маргаан байна. Үүнээс бусад нь хийрхэл маягтай байна. Энэ гурван асуудал дээр тайлбар хийе” гэлээ.
Х.Тэмүүжин гишүүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэе.
Нэгдүгээрт, нэр бүхий хуульчид, ҮХЦ-ийн гишүүд, МАН-ын зарим гишүүд Монгол Улсын ҮХ-ийн 65 дугаар зүйлийн 4-т заачихсан байгаа ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэрт анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно гэсэн энэ заалтын цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгцээ байх ёстой гэсэн тайлбар хэлж байгаа. Цэцийн дарга болон цэцэд байгаа нэр бүхий хуульчид намайг оюутан байхад хичээл заахдаа энэ хоёр эсхүл гэдэг үгээр холбогдсон тусдаа зүйл гэж заадаг байсан. Гэхдээ өнөөдөр өөрсдийх нь эрх ашиг хөндөгдөхөд энэ хоёр зэрэгцээ байх ёстой гэж шаардаж байгаа юм билээ.
1992 оны 5 дугаар сарын 6-ны Улсын бага хурлын тэмдэглэл. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Батлагдсанаас хойш гурван сар хүрээгүй байхад Улсын бага хурал цэцийн тухай хуулийг батласан. Тэр үед гишүүд ямар байр суурьтай байсан бэ гэдгийг бичсэн тэмдэглэл байна. Энэ тэмдэглэлийн 22 дугаар хуудсанд “эсвэл цэц өөрөө шийдвэр гаргана. Эсвэл энэ талаар илгээсэн байгууллага нь санал болгосон бол гэсэн хоёр эх үүсвэрийг ойлгож байгаа шүү. Энэ хоёр бол нэг холбоосоор биш эсвэл гэдгээр холбогдож байгаа шүү” гэсэн байгаа юм. Иймд баримтад тулгуурлаж ярих бус өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан тайлбар хийх нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.
Хоёрдугаарт. УИХ-д ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн. Энэ асуудлаар Улсын дээд шүүхээс саналтай эсэх асуудлыг УИХ-аас тавьсан. Тэр асуудал дээр дээд шүүхийн санал байдлаар Зориг ерөнхий шүүгч бичиж ирүүлсэн. Одоо үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13.1.1 дээр тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх эрхийг УДШ-ийн Ерөнхий шүүгчид өгсөн байгаа. Харин Цэцийн дарга гишүүдийг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хууль, тогтоомж дээр зохицуулаагүй байгаа. 1993, 2002 онд Шүүхийн тухай хуулийг батласан байдаг. Энэ хоёр хуулийн 24 дүгээр зүйлийн 6.8-д, 15 дугаар зүйлийн 6.7-д Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох гэдэг ийм л зохицуулалттай. Тэгсэн мөртлөө ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах юм уу, тэр асуудлаар санал гаргах ямар ч зохицуулалт байхгүй. Ердийн хуулиар зохицуулаагүй бол Үндсэн хуулийн заалтыг барих ёстой. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эгүүлэн татна. Санал гаргах эрх нь одоо байгаа хуулиар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид байгаа. Тиймээс энд хууль зөрчсөн эсвэл Үндсэн хууль зөрчсөн ойлголт байхгүй.
Гуравдугаарт, хууль зөрчснийг хэн тогтоох вэ. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татна. ҮХЦ-ийн тухай хуулийн гуравдугаар зүйл дээр Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон эсвэл хууль зөрчснийг эрх бүхий байгууллага тогтоосон бол түүнийг цэцийн гишүүнээс эргүүлэн татах тухай ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татаж болно гэсэн хууль байсан. Энэ хуулийг сая Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээрээ эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллага тогтоосон гэдгийг түдгэлзүүлчихсэн. Цэц УИХ-д ирүүлсэн дүгнэлтдээ 2015 оны хоёрдугаар сарын 14-ны гуравдугаар дүгнэлт гэж бичсэн байна лээ. Хурал нь уг нь 2016 онд болсон юм билээ. Яагаад 2015 он гэж бичснийг мэдэхгүй байна. Тэр дүгнэлтийнхээ 7-д эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон гэдгийг түдгэлзүүлж байна гэж бичсэн байна лээ. Тэгэхээр ердийн хуулин дээр байгаа эрх бүхий байгууллагыг хууль зөрчснийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэдэг хуулийн үйлчлэл байхгүй болсон. Тэгэхээр Үндсэн хуулийн шалдан заалт шууд үйлчилнэ.
ҮХ-ийн 65 дугаар зүйлийн 4-т зааснаар ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно гэж заасан байдаг. Иймд анх илгээсэн байгууллага буюу УДШ-ийн санал байна. УИХ одоо эгүүлэн татах асуудлыг шийднэ. Өөр хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй. Зохицуулж байсан ганц заалтыг ҮХЦ сая түдгэлзүүлчихсэн.
ҮХЦ энэ заалтыг түдгэлзүүлээгүй байсан бол УИХ-ын Тамгын газрын дарга эрх бүхий байгууллага гэдэгт багтах уу үгүй юу гэж маргаж болох байсан боловч ганц маргаж болох заалтаа өөрсдөө түдгэлзүүлчихсэн. Одоо ҮХ-ийн шалдан заалтаар УИХ өөрийнхөө бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. ҮХ-ийн энэ заалтыг ҮХЦ хууль бус, буруу гэж дүгнэх ямар ч боломж байхгүй. Тиймээс ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх эрх зүйн зохицуулалт одоо ямар нэгэн ҮХ зөрчсөн асуудал биш харин ҮХ-ийн өөрийнх нь заалтыг хэрэглэж УИХ ажиллах тухай асуудал юм.


















