Хамтдаа дэлхийгээ хамгаалж, газраа нөхөн сэргээе
Цөлжилт, газрын доройтлын асуудал нь нэг улс орон, нэг тив, нэг бүс нутгийн асуудал хэдийн биш болж даян дэлхийн хэмжээнд тулгарч буй экологийн бүлэг асуудлын нэг чухал асуудал нь боллоо.
Мэдээллийн алба

Дэлхийн Цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан БОНХАЖЯ, ШУА, Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгээс хамтран энэ жил ард иргэдийн оролцоог хангах, цөлжилтийн талаарх бүх нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, газар нутгаа хамгаалах, тордон арчлах, доройтолд өртсөн бол нөхөн сэргээхийн чухалыг таниулах зорилгоор хэд хэдэн ажлыг зохион байгуулхаар төлөвлөөд байна. Үүний нэг нь “Даян дэлхийн асуудлыг бичил санаачилгаар шийдвэрлэх нь” уулзалт семинар юм.
Энэхүү хурлын гол зорилго нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлд улс орны хэмжээнд хэмжээнд олон улсын болон ТББ, орон нутгийн иргэд, эрдэм шинжилгээний байгууллагуудын хийж гүйцэтгэсэн практик үйл ажиллагаануудын ололт, амжилт, сургамжаас харилцан бие биентэйгээ хуваалцан тэдгээр сайн туршлагуудыг цаашид хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцлага өрнүүлэхэд чиглэсэн.
Цөлжилт, газрын доройтлын асуудал нь нэг улс орон, нэг тив, нэг бүс нутгийн асуудал хэдийн биш болж даян дэлхийн хэмжээнд тулгарч буй экологийн бүлэг асуудлын нэг чухал асуудал нь боллоо. Шороон шуурга, хөрсний үржил шимт бодисын алдагдал, биологийн төрөл зүйл, тэр дундаа зэрлэг амьтад болон ургамлын төрөл зүйлийн хомсдол зэрэг сөрөг үр дагавар нь бидний хэлж заншаад байгаа цөлжилтийн үр дагаварууд бөгөөд энэ асуудал улам бүр гүнзгийрч цаашид хойч ирээдүйг эрсдэлд оруулах түвшинд хүрээд байна. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга нарын газраас эрүүл, бүтээмжит газар нутаг нь дэлхий дээрх амьдралын цөм нөөц болохыг сануулан жил бүрийн 6 сарын 17-ны өдрийг Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэх болсон байна.
Жил бүрийн 6 сарын 17-ны өдрийг Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэх болсон байна.
Хурлыг нээж НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн үндэсний зохицуулагч, доктор Ц.Банзрагч хэлсэн үгэндээ Монголын цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд олон улсын байгууллагуудын оруулж буй хувь нэмэр их болохыг тэмдэглээд тэдгээр дэмжлэгээс гарсан томоохон үр дүн нь Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Булган зэрэг аймгуудад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд бий болсон газрын доройтол, цөлжилтийг бууруулах бичил санаачлагууд байгааг тэмдэглэн хэлэв. “Энэ төрлийн бичил санаачлага нь Монголын уудам их тал нутгийн хөрс шороо ямар их арвин нөөцтэй, доройтсон ч нөхөн сэргээж болохыг эдгээр бичил санаачлагууд харуулж байгааба эдгээрийг зөв бодлогоор зохицуулж чадаж гэмээн Монголд цөлжилт, газрын доройтол гэх асуудал үгүй болно” гэж хэлэв.
Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн захирал, доктор Б.Батбуян хурлын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Эрдэм шинжилгээний байгууллагуудын Монгол орны цөлжилтийг сааруулах, тэг газрын доройтлын зорилтод хүрэхэд гүйцэтгэх үүрэг нь үндсэн гурван зүйлд зангигдаыг тэмдэглэн хэлэв. Үүнд: цаг тухайд нь мэдээлэх, боломжит гарцыг таниулах, шинэлэг технологийг хөгжүүлж, бусдад түгээх”. Энэ чиглэлд орон нутаг, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг зохистой өрнүүлсэн жишээг тус хүрээлэнгийн Цөлжилтийн Судалгааны Салбарын эрхлэгч, доктор А.Хауланбекийн илтгэлээс харж болно. Тус байгууллагын Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт байгуулсан туршилт-судалгааны суурин нь Монголын хээр, говийн бүсэд нэвтрүүлж болох 10 гаруй технологийг туршилтаар баталгаажуулаад байна. Эдгээр үйл ажиллагаандаа орон нутгийн иргэд, байгууллагуудын оролцоог ханган гүйцэтгэсэн байна. Доктор А.Хауленбек хэлэхдээ “Цөлжилтийг бууруулахад уламжлалт аргуудыг хадгалан нэвтрүүлэхийн зэрэгцээ өндөр бүтээмжит ашигтай шинэ дэвшилтэд арга, технологийг нэвтрүүлэх нь цөлжилт, газрын доройтлыг бууруулахын сацуу амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх эх үүсвэр болж байгааг дурьдсан юм. Энэ нь газартай зөв харьцах гэдэг нь соёлд суралцахын зэрэгцээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөдөлгүүр болж өргөжих ёстой”. Түүнчлэн Монгол улсын Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болгоход чиглэгдэж тодорхой амжилтанд хүрч байгааг илтгэлдээ дурьдсан байна. Бодлого боловсруулагчдын зүгээс газартай харьцах харьцааг зохистой эрх зүйгээр хангахад газар, байгалийн нөөц эдэлбэрийн зүй ёсны эрхийг баталгаажуулах асуудал чухал хэмээн ГХГЗЗГ-ын хэлтсийн дарга, доктор Ж.Даваабаатар өөрийн илтгэлдээ өгүүлнэ.
Хурлын хүрээнд НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас Монгол болон дэлхийн бусад өнцөг булан бүрт баримталж буй бодлогын талаар мөн илтгэлүүд тавигдах бөгөөд эдгээр нь чухам газрын нөөц, тэдгээрийг зөвхөн дан ганц эрдэс баялагаар тооцож болохгүй илтгэнэ. Үүнээс гадна “доройтсон газар бол нөөц нь шавхагдсан газар бус харин ч нөөцийг нь хайхралгүй орхисон баялаг” гэдгийг НҮБ-ын ХХ-өөс хэрэгжиж эхэлж буй “Монгол орны баруун бүсийн газрын тогтвортой менежментэд уул уурхайн үйл ажиллагаанаас үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгаалах зарчмыг нэвтрүүлэх нь” төслийн үндэсний зохицуулагч Г.Эрдэнэбаясгалан илтгэлдээ харуулсан болно.
Монгол орны цөлжилт, газрын доройтлын асуудал шийдэгдэж болох ч олон хүчин зүйлээс хамааран өсөн нэмэгдэж байна. Иймд бид УЦУОСМХ-ийн эрдэмтэн Д.Дуламсүрэн, Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан өнөөгийн цөлжилт, газрын доройтол, гангийн нөхцөлд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалтын үзүүлэх нөлөөллийн талаар зарим нэг шинэ мэдээллийг мөн багтаасан болно.
Энэ жилийн Дэлхийн Цөлжилттэй тэмцэх өдрийн уриа “Хамтдаа Дэлхийгээ хамгаалж Газраа нөхөн сэргээе”
Энэ жилийн Дэлхийн Цөлжилттэй тэмцэх өдрийн уриа “Хамтдаа Дэлхийгээ хамгаалж Газраа нөхөн сэргээе” сэдэв дор зохион байгуулагдаж байна. Монгол улсын их хурлаас 2015 онд батлагдсан Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд ....“Цөлжилттэй тэмцэх, нэн ялангуяа цөлжилт, ган, үер усны аюул хэдийн нүүрлээд байгаа бүс нутагт газар, хөрсийг нь нөхөн сэргээх замаар 2030 он гэхэд газрын доройтол үгүй дэлхий болох...” зорилт дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд байгууллага, хувь хүн, нутгийн иргэдийн оролцоо чухлын зэрэгцээ эдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй байна. Газрын доройтол үгүй дэлхий болохын тулд бүх оролцогч талын оролцоо шаардлагатай, харин энэ зорилтонд бид хүрч чадваас уур амьсгалын өөрчлөлтийг гэтлэн давах, биологийн төрөл зүйлийн хомсдолыг зогсоох, ядуурал болон хүнс тэжээлийн хомсдлыг арилгах зэрэг Тогтвортой Хөгжлийн бусад томоохон зорилтуудад хүрэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
Эх сурвалж: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам


















