Хан Хэнтийчүүд бахархал дүүрэн наадна
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ой энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно. Энэхүү түүхэн ойгоо угтсан ажлууд болон ойн арга хэмжээний талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

-Хэнтий аймгийн төвийн Чингис хот гэж нэрлэхээр болжээ-
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ой энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно. Энэхүү түүхэн ойгоо угтсан ажлууд болон ойн арга хэмжээний талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэнтий аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас түүхэн ойгоо угтаж аймаг оррн нутгаа хөгжүүлэх чиглэлээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын олон ажлууд хийжээ. Юуны өмнө ойгоо угтан 90 бүтээлч ажлын аяныг санаачлан өрнүүлжээ. Түүнчлэн түүхэн ойнхоо хүрээнд Хан Хэнтий нутгийн бахархлыг сурталчлан таниулах зорилгоор олон ажил зохион байгуулсан байна. Хэнтий нутаг бол их эзэн Чингис хааны төрж өссөн өлгий нутаг, Монголын тулгар төрийн голомт. Тиймээс хэнтийчүүд гол бахархал болсон эзэн Чингис хааныхаа нэрээр аймгийн төвөө нэрлэхээр болж байгаа ажээ. Хэнтий аймгийн төвийг Чингис хот гэж нэрлэх талаар иргэдийнхээ дунд санал асуулга явуулсны үндсэн дээр Хэнтий аймгийн ИТХ болон Хэрлэн сумын ИТХ-ын шийдвэр гараад байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар онцоллоо.
Ойнхоо босгон дээр Хэнтий аймгийн төв орох замд Чингис хааны хүндэтгэлийн хаалгыг барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн аялал жуулчлалын гол төв болох Чингис хааны иж бүрэн цогцолборыг барьж байгуулахаар ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр зураг төсвийг нь гаргаад байгаа гэнэ.
Хэнтийчүүдийн нэг бахархал нь Галшарын хурдан адуу. Энэхүү хурдан адууны угшлыг бий болгосон Хардэл жанжин бэйс Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит цогцолборыг аймгийн төвд барьж байгуулжээ. Мөн Хан Хэнтийн хүчит бөхчүүд эртнээс алдартай. Хэнтий нутгаас төрөн гарсан даншгийн найман аваргын хөшөөт цогцолбор ч 90 жилийн ойгоор нээлтээ хийх юм байна. Үүний зэрэгцээ улс даяар алдартай Тожил хийцийн эмээл, хазаар, гоёл чимэглэлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, баримтат кино, нэвтрүүлэг хийжээ.
Энэ мэтчилэн Хан Хэнтийчүүд 90 жилийн ойгоороо бахархал дүүрэн, бахтай сайхан наадахаар зэхэж байна. Хэнтий аймгийн 90 жилийн ой ”Зүүн бүсийн хурд” морин уралдаантай хамт болох тул ихээхэн өргөн дэлгэр болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна.


















