Хавдрын эсрэг хэт холын зайд гүйж буй сувилагч Б.Алтантуяа 400 км зам туулаад байна
сувилагч Балчинбавуугийн Алтантуяа "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриан дор Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл 650 км зам туулах хэт холын зайн гүйлтийг долоодугаар сарын 20-нд эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдар, химийн эмчилгээний тасгийн сувилагч Балчинбавуугийн Алтантуяа "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриан дор Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл 650 км зам туулах хэт холын зайн гүйлтийг долоодугаар сарын 20-нд эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хэт холын зайн гүйлтээр дамжуулан олон нийтийн анхаарлыг хавдрын өвчлөл болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл амьдралын хэв маягт хандуулах зорилгоор Дорнод аймгаас Улаанбаатар хот руу гүйж буй сувилагч Б.Алтантуяа гүйлтийн зам дагуух Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн сумдын иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдахыг уриалсан байна. Тэрбээр долоодугаар сарын 30-нд 315 км зам туулж Хэнтий аймгийн Чингис хотод очсон бөгөөд өнөөдрийн байдлаар 12 дахь өдрөө гүйж байгаад бөгөөд 400 км зам туулж, Хэнтий аймгийн Өлзийт суманд хүрээд байна.
Сувилагч Б.Алтантуяа ирэх наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотод бариандаа орохоор төлөвлөсөн юм.
Ташрамд дуулгахад, "Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс" уриатай хэт холын зайн гүйлт үргэлжлэх хугацаанд Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, сувилагч нар аймагтаа хавдрын эсрэг мэдээлэл түгээх болон бусад олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд хавдраас урьдчилан сэргийлэхэд бүх нийтийг уриалах ажил өрнүүлж байгаа билээ.



















