Хиймэл дагуул, сансрын технологийн чиглэлээр тэтгэлэгт сургалтад хамруулав
Тус газраас Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO)-ын “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд 2015 онд “Байршил тогтоох хиймэл дагуул”,
Мэдээллийн алба

Тус газраас Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO)-ын “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд 2015 онд “Байршил тогтоох хиймэл дагуул”, “Зайнаас тандан судалгаа болон газарүйн мэдээллийн систем”-ийн чиглэлээр магистрийн зэрэг олгох, “Сансрын технологи болон түүний хэрэглээ”-ний чиглэлээр докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарласан билээ.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар магистр, докторын зэрэгт суралцахыг хүссэн олон тооны өргөдөл ирснээс сонгон шалгуулалтад тэнцэж зохих шалгуурыг хангасан МТШХХГ болон МУИС-ийн МТС, МУБИС, Монголын Цахилгаан холбоо ХК, Жи-Мобайл ХХК-ийн нийт 6 мэргэжлийн инженер, багш, мэдээллийн технологийн ажилтнууд тэнцэж хоёр жилийн хугацаатай БНХАУ-ын Бэйхань Их сургуульд суралцах эрх авсан болно.
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр дээрх суралцах эрх авсан оюутнуудтай сургалтын гэрээ байгуулав. Ц.Жадамбаа суралцах эрх авсан оюутнуудад хандаж хэлэхдээ "Бид "Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр олон талт ажил хийж байгаа. Үүний нэг нь сансар холбооны үндэсний боловсон хүчинг бэлтгэж, ирээдүйд Монголын хиймэл дагуул хөөргөхөд та бүхэн ажиллана шүү" гэдгийг тодотгоод их зүйл сурч ирэхийг ерөөн, сурлагын өндөр амжилт хүслээ гэж Мэдээллийн технологи, Шуудан харилцаа холбооны газраас мэдээллээ.


















