Ховд аймгийн 11 сум хатуу хучилттай автозамаар холбогдлоо
Улсын хэмжээнд ихэнх сумд нь хатуу хучилттай автозамаар холбогдсон цорын ганц аймаг бол Ховд.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд ихэнх сумд нь хатуу хучилттай автозамаар холбогдсон цорын ганц аймаг бол Ховд. Сүүлийн 10 жилд хийгдсэн замын бүтээн байгуулалтаар 16 сумынх нь 11 нь хатуу хучилттай автозамтай болоод байна. Өнгөрөгч амралтын өдрөөр Алтай сумаас Манхан сум хүртэлх 214.1 км замыг хүлээн авлаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй баруун бүсийн босоо тэнхлэгийн Авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд Алтай, Манхан сумыг холбох замын ажил анх 2011 онд эхэлж байсан юм.
Алтай сумаас Манхан сумыг чиглэсэн энэ замыг барьж байгуулахад бүтэн 4 жилийн хугацааг зарцуулсан байна. Энэ зам нь Алтайн нурууг давж Хавчигийн хавцал, Бодончийн хавцал, Ботгоны амыг дайран өнгөрөхдөө байгалийн эрс тэс уур амьсгалтай, газар зүйн онцгой тогтоцтой уулархаг, өндөрлөг хязгаарлагдмал орон зайд баригдсан инженерийн хийцлэл бүхий хиймэл байгууламжтай дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт болж чадсан байна.


















