Худалдаа эрхлэгчид сургалтад хамрагдлаа
Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд шинээр гарсан хууль, дүрэм, журам, заавар, аргачлалын хэрэгжилтийг хангуулах зорилготой юм. Мөн хүнсний үйлчилгээнд дотоод хяналтын тогтолцоог бий болгож төлөвшүүлэх, дотоод хяналтын ажилтны чадавхийг сайжруулах, хүнс
Мэдээллийн алба

МХЕГ-ын ажлын төлөвлөгөөний дагуу “МБС” ХХК-ийн хүнсний худалдаа эрхлэгч 130 хүнд сургалт зохион байгуулав.
Энэ сургалт нь Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд шинээр гарсан хууль, дүрэм, журам, заавар, аргачлалын хэрэгжилтийг хангуулах зорилготой юм. Мөн хүнсний үйлчилгээнд дотоод хяналтын тогтолцоог бий болгож төлөвшүүлэх, дотоод хяналтын ажилтны чадавхийг сайжруулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдлээ.
Сургалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дотоодын хяналт болон зохистой дадлуудыг хэрэгжүүлэх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд түүнийг буцаан болон татан авах, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хаанаас авсан, хаашаа өгснийг бүртгэх замаар хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгөх тогтолцоо, аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтыг нэвтрүүлж, хүнсний сүлжээн дэх өөрт хамаарах үе шатанд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдлэг олгов.
Ингэснээр шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлснээс хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж, хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулснаар хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдварт өртөх хүн амын тоо буурна. Түүнчлэн хүнсийг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, савлах, шошголох, хадгалах, тээвэрлэх, худалдах, тэдгээрээр үйлчлэх, импортлох, экспортлох бүх үе шатанд тавих хяналт боловсронгуй болж, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн нийгмийн хариуцлага дээшилснээр Монгол Улсын “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д тусгасан хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдах эрх зүйн орчин бүрдэх юм.
Худалдааны газарт дотоодын хяналтыг хэрэгжүүлснээр хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалж чадна гэж үзэж байна.


















