Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдан авах ажиллагааны газар 3 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлыг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Худалдан авах ажиллагааны газар 3 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа
Худалдан авах ажиллагааны газар 3 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлыг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Тус агентлагийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулсан юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий энэхүү мэргэжлийн байгууллага нь 2012 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс 8 бүтцийн нэгж, 65 албан хаагчтайгаар анх үйл ажиллагаагаа эхэлжээ.

Харин Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол 2014 онд гарсантай холбогдуулан Шадар сайдын 2015 оны 03 дугаар тушаалаар агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталснаар мөн оны нэгдүгээр сараас дэд даргагүй, 5 бүтцийн нэгж, нийт 55 албан хаагчийн орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс гадна 2011 оны зургадугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2012 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгжтэй байна” гэж заасны дагуу аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд Худалдан авах ажиллагааны 31 нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.


Төсөв хэмнэлт:

Худалдан авах ажиллагааны газар (ХААГ) нь 2013-2015 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны дүнд нийт 726.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 726 багцад 684.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 42.7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон. Энэ нь ХААГ-ын гурван жилийн үйл ажиллагааны нийт төсөв болох 3.1 тэрбум төгрөгтэй харьцуулахад 14.2 дахин их юм.


Улсын төсвийн хэмнэлт...

-2013 онд хэрэгжүүлэх нийт 198 төсөл, арга хэмжээний 413 багцаас 177 төсөл, арга хэмжээний 372 багцын гэрээг бүртгэж авсан нь нийт төсөл, арга хэмжээний 89.4 хувь, багц ажлын 90.1 хувь нь болно. Нийт 435.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 372 багцад 418.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 18.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

-2014 онд хэрэгжүүлэх нийт 146 төсөл, арга хэмжээний 272 багцаас 120 төсөл, арга хэмжээний 233 багцын гэрээг бүртгэж авсан нийт төсөл, арга хэмжээний 82.1 хувь, багцын 85.6 хувь нь болно. Нийт 253.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 233 багцад 233 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 20.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

-2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар, энэ онд хэрэгжүүлэх нийт 58 төсөл, арга хэмжээний 172 багцаас 42 төсөл, арга хэмжээний 121 багцын гэрээг бүртгэж авсан нь нийт төсөл, арга хэмжээний 72.4 хувь, багцын 70.3 хувь нь болно. Нийт 37.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 121 багцад 32.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

-Худалдан авах ажиллагааны 31 нэгж байгуулагдан ажилласан 3 жилийн хугацаанд 1.672.0 тэрбум (нэг их наяд зургаан зуун далан хоёр тэрбум) төгрөгийн 6912 төсөл, арга хэмжээ зохион байгуулж, 65.8 тэрбум төгрөг буюу нийт төсөвт өртгийн 4 хувийн хэмнэлт гаргасан.


Цахим худалдан авах ажиллагааны системийг боловсронгуй болголоо

Монгол Улсын Засгийн газраас худалдан авах ажиллагааны үйл явцыг шуурхай, олон нийтэд хүртээлтэй, ил тод зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор цахим тогтолцоог санаачлан хөгжүүлж байна. Цахим худалдан авах ажиллагааны системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болох КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар SAMSUNG SDS компани 2010-2012 онд “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн нэгдүгээр үе шат болох www.meps.gov.mn-ийг хэрэгжүүлсэн. “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд e-Bidding, e-ShoppingMall, e-Catalogue дэд системүүд хийгдсэн.

Худалдан авах ажиллагааны газар нь 2013 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.7-д “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь гүйцэтгэх ажлынхаа тодорхой хэсгийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нийт зарлах тендерийн 20-оос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулна” гэж заасны дагуу 22 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулсан.

- 2013 онд улсын хэмжээнд нийт 167 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Нийт 724 тендерийн санал орсноос дунджаар нэг тендерт 4-5 оролцогч оролцсон байна.

- 2014 он: Улсын хэмжээнд 475 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулсан. Үүнд давхардсан тоогоор 1644 аж ахуйн нэгж оролцсон.

- 2015.10.01-ний байдлаар: 1118 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор 3804 аж ахуйн нэгж цахим тендерт оролцсон.

Цахим худалдан авах ажиллагааны систем нь Монголбанкны валютын ханшийн мэдээлэл, арилжааны бусад банкинд цахим тендерийн мэдээллийг цахим хэлбэрээр дамжуулан ажилладаг. Ингэснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендерийн баталгааг хуурамчаар хийх боломжгүй болсон. Мөн Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн системээс тендерт оролцогч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, тайлант үеийн ашиг, алдагдал, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн мэдээллийг авах техникийн боломжийг бүрдүүлснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангийн мэдээллийг тендерийн саналд оруулах шаардлагагүй боллоо. Татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй холбогдож тендерт оролцогчдын татвар төлөлтийн тухай мэдээлэл, борлуулалтын орлогын мэдээллийг цахим хэлбэрээр магадлах программ хангамжийн шийдлийг боловсруулж туршсан болно.


“Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвөөр иргэдэд шуурхай, чирэгдэлгүй үйлчилж байна:

Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, тендерт оролцогчдод зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Монголд анх удаа тус агентлагт байгуулан, ажиллуулж байна. “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр 2013-2015 онд нийт 53493 иргэн, ААН-д худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө, үйлчилгээг үзүүлсэн. Тус төвийн үйлчилгээний хүрээнд тендерт оролцогчдод утсаар болон биечлэн, цахим хэлбэрээр зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, байгууллага, ААН-д хувийн нууцлалын код олгож, бүртгэх, цахим тендер илгээх, тохиргоо хийх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

“Нэг цэгийн үйлчилгээний төв” үйлчлүүлэхээр ирсэн иргэд, тендерт оролцогчдод төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дороос шуурхай хүргэх зорилгоор иргэний мэдээллийн лавлагаа авах, банкны төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлж, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн танхимд төрийн үйлчилгээний цахим машин (ТҮЦ), Төрийн банкны салбар тооцооны төвийг байршуулан холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

Хуваалцах