Хөдөө аж ахуй, уурхай, барилгын салбарт хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна
“Хүүхэд насны төгсгөл” тайланд Монгол Улс 176 орноос 76 дугаар байрт жагссан бөгөөд дээрх найман шалгуур үзүүлэлтээс авбал зохих 1000 онооноос 877-г авчээ. Энэ нь 2000 онтой харьцуулахад 111 пунктээр өссөн дүн аж.
Мэдээллийн алба

Хүүхдийг ивээх сангаас Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан “Хүүхэд насны төгсгөл-2019” дэлхий нийтийн тайланг олон нийтэд дэлгэжээ. Уг тайланд хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн архаг дутагдал, сургууль завсардалт, хүүхдийн хөдөлмөр, эрт гэрлэлт, өсвөр насны охидын төрөлт, албадан нүүлгэн шилжүүлэлт, хүүхдийн амь насанд халдсан хэрэг гэх мэт хүүхэд насыг цаг бусаар төгсгөхөд хүргэдэг найман шалгуур үзүүлэлтээр 176 улс оронд оноо өгөн үнэлдэг. Энэ жилийн тайлангийн онцлох зүйл нь сүүлийн 20 жилд улс төрийн манлайлал, нийгмийн хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн зорилтуудын ачаар тайланд оролцсон дэлхийн 176 улсын 173 оронд нь мэдэгдэхүйц ахиц дэвшил бий болжээ. 2019 оны “Хүүхэд насны төгсгөл” тайланд Монгол Улс 176 орноос 76 дугаар байрт жагссан бөгөөд дээрх найман шалгуур үзүүлэлтээс авбал зохих 1000 онооноос 877-г авчээ. Энэ нь 2000 онтой харьцуулахад 111 пунктээр өссөн дүн аж. “Хүүхэд насны төгсгөл-2019” тайланд 176 улс орны хүүхдийн нөхцөл байдлын мэдээлэл багтжээ.

Тус тайлангийн онцлох мессэж:
20 жилийн дотор манай гарагт 280 сая хүүхдийн амьдрал сайжирсан. Дэлхийн хамгийн ядуу зарим оронд хүүхдийн төлөө ихээхэн дэвшил, өөрчлөлт гарсан нь улс төрийн манлайлал, зөв бодлого, хөрөнгө оруулалт, хөгжлийн ажлууд үр дүнгээ өгсний нотолгоо аж. Тухайлбал, Монгол Улсад тав болон түүнээс доош насны хүүхдийн эндэгдэл, хүүхдийн өсөлт хоцролт 64 хувиар буурсан.
Гэвч дэлхийн хөгжил дэвшил нь бүх хүүхдэд ашиг тусаа өгч чадахгүй байна. Өнөөдөр дөрвөн хүүхдийн нэг нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хязгаарлуулсан хэвээр байгаа гэв. Манай улсын хувьд сургуулиас гадуурх хүүхдийн тоо, өсвөр насны охидын дундах төрөлт, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд дорвитой өөрчлөлт гараагүй хэвээр байгаа аж.
Монгол Улс хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг халахын тулд хууль эрхзүйн чиглэлд тодорхой алхмууд хийж байгаа. Гэвч хөдөө аж ахуй (хурдан морь унах), уул уурхай, барилгын салбарт 50 мянга гаруй хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байна. Мөн өвөл хаврын хахир хүйтэн цагт 12-оос дээш насны хүүхдээр хурдны морь унуулахыг зөвшөөрсөн нь хүүхдийг насаар нь ялгаварлаж, 12-оос дээш насны хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж болох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж Хүний эрхийн үндэсний комисоос үзжээ. Иймд хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаа 18 хүртэлх бүх насны хүүхдийн эрхийг баталгаажуулж, тэдний эсэн мэнд амьдрах, өсөн дэвших, хамгаалагдах эрхийг хүндэтгэхийг мөн нэг ч хүүхэд хахир хатуу өвөл, хаврын цагт албадан хөдөлмөрийн улмаас амь нас, эрүүл мэнд, боловсрол, ирээдүйгээрээ хохирохгүй байхад хүчин чармайлт гаргахыг Хүүхдийг ивээх сангаас уриалжээ.


















