Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүн болон халуун цуст бүх амьтан галзуу өвчинд өртөх аюултай

Галзуу өвчин нь хамгийн эртний өвчнүүдийн нэг боловч хүн төрөлхтөн одоогоор эмчилгээний аргыг шийдэж чадаагүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хүн болон халуун цуст бүх амьтан галзуу өвчинд өртөх аюултай
Хүн болон халуун цуст бүх амьтан галзуу өвчинд өртөх аюултай. Зураг: МҮОНРТ

Тодорхойлолт: Вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг зоонозын хурц халдварт өвчин юм.

Галзуу өвчин нь хамгийн эртний өвчнүүдийн нэг боловч хүн төрөлхтөн одоогоор эмчилгээний аргыг шийдэж чадаагүй байна.

Галзуугийн вирус нь энэ өвчнөөр өвчилсөн амьтны шүлсэнд агуулагддаг ба хазах, шүлсдэх үед шууд дамждаг. Агуй дахь сарьсан багваахайнаас агаараар халдварласан цөөн тохиолдол бүртгэгджээ. Жил бүр 26-55 мянган хүн энэ өвчний улмаас нас бардаг. Антрактид тивээс бусад бүх тивийн 150 гаруй улс оронд хүний өвчлөл бүртгэгддэг ба үүний 95 хувиас илүү нь Ази, Африкийн хөгжиж буй орнуудад бүртгэгдсэн байна. Хүн болон халуун цуст бүх амьтан галзуу өвчинд өртөх аюултай. Үндсэн агуулагч амьтад нь:

Зэрлэг амьтдаас: чоно, үнэг, цөөвөр чоно, элбэнх, дорго, гар далавчтангууд, мэрэгчид
Тэжээвэр амьтдаас: нохой, муур

Амьтдыг энэ өвчинд мэдрэг байдлаар нь:
Өндөр мэдрэг (Үүнд: муур, үхэр)
Дунд зэргийн мэдрэг (Үүнд: нохой, хонь, ямаа, адуу, сармагчин, хүн)
Сул мэдрэг (Үүнд: шувууд) гэж ангилдаг.

Галзуугаар өвчилсөн зарим мал, амьтдад дараах шинж тэмдгүүд илэрдэг.

Нохойнд: Зан араншин нь өөрчлөгдөнө. Номхон, дуулгавартай нохой ярдаг, зөрүүд болно. Чулуу, мод зэрэг иддэггүй зүйлээ үмхэж, зажилж, залгихыг оролдоно. Дараагийн шатанд гэрээсээ зугтаж зайлахыг оролдох ба уяхгүй бол хульжиж алга болно. Ихэнхдээ 50-100 км хүртэл зайд харсан зүгтээ давхина. Маш түргэн эцэж турна. Ихээхэн догширч, дайрч, хазахыг оролдоно. /догшин галзуу/ Сүүлдээ доод эрүү нь саажиж, ам нь байнга ангайж явна. Хойд хөл нь саажсанаар маш түргэн суларч, анхны шинж тэмдэг илэрснээс хойш 6-8 хоногт үхнэ. Саажилтын шинж тэмдэг давамгайлж илэрсэн галзууг "номхон галзуу" гэнэ.

Мууранд: Галзуурсан муур маш их догширно. Самардах, хазахыг оролдоно. Гэрээсээ зугтах шинж тод илэрнэ. Залгих рефлекс саажсанаас хоол идэж чадахгүй. Дуу нь өөрчлөгдөнө.

Үхэрт: Галзуурсан үхэр цочимтгой, хөөрүү, сониуч, дайрамтгай болно. Идэх хивэхээ больж, шүлс нь гоождог шүлхийрсэн юм уу, хоолойд нь юм тээглэсэн гэмээр болдог.
Заримдаа гэнэт ухаан алдаж унах ба хэдхэн хормын дараа сэргэнэ. Хөдөлж явахаа больж хүчтэй дүлэх шинж үзүүлнэ. Анхны шинж тэмдэг илэрснээс хойш 4-6 хоногийн дараа үхдэг.

Хонь, ямаанд: Үхэрт илэрдэг шинжүүд илэрнэ. Цочимтгой, хөөрүү болно, идээшлэхгүй, бусад амьтан, хүн рүү дайрна. Үргэлж майлна. Саажилтын шинж тэмдэг илрэх ба анхны шинж илэрснээс хойш 5-8 хоногийн дараа үхнэ.
Гахайнд: Галзуугийн шинж тэмдэг тод илэрдэг. Шархыг нь олж ажиглахад хялбар. Шархаа маажих, долоохыг оролдох ба бусад амьтан, хүн рүү дайрдаг. Саажилт үүссэнээс хойш 2-3 хоногийн дараа үхдэг.

Монгол орон нь газарзүйн байршлын хувьд галзуугийн өндөр идэвхитэй бүс нутагт хамрагдах ба байгалийн голомт өргөн тархалттай, идэвхжил, давтамж өндөртэй, голомтын агуулагчид болох үнэг, чоно, нохой зэрэг амьтдын дунд вирусийн дамжуулалт явагдах ба голомтын орон зайн бүтэц нь эдгээр амьтдын тархалтаар тодорхойлогдоно.

Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Хуваалцах