Кисэносатогоор манлайлуулсан Кюүшюү башё өчигдөр эхэллээ
Энэ жил 22 настай Такакешо барилдааны дараа “Өнгөрөгч есдүгээр сард би өөрийн чадах бүхнээ хийж болохыг мэдэрсэн. Би сурсан бүхнээ гаргахыг зорьж байна. Өдөр бүр өөрийгөө дайчилж, улам л сайн байхыг хичээнэ” гэжээ.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2018 оны сүүлийн Кюүшюү башё өчигдөр Фүкүока хотод эхэллээ. Энэ сарын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжиж байгаа билээ. Тэгвэл аваргуудаас ганцаараа үлдсэн Кисэносато өчигдрийн барилдаанд комүсүби Такакешод өвдөг шороодож, башёг тааруухан эхлүүлж байна.
Энэ жил 22 настай Такакешо барилдааны дараа “Өнгөрөгч есдүгээр сард би өөрийн чадах бүхнээ хийж болохыг мэдэрсэн. Би сурсан бүхнээ гаргахыг зорьж байна. Өдөр бүр өөрийгөө дайчилж, улам л сайн байхыг хичээнэ” гэжээ.
Такакешо өнгөрөгч тав, долдугаар сард 10, есдүгээр сард есөн удаа авсан амжилттай яваа. Түүний хувьд энэ башёд дээд цолтой бөхчүүдийн нэгээр бичигдэж байгаа бөгөөд гараагаа амжилттай эхлүүллээ. Өнөөдөр түүнийг озэки Гоэйдо хүлээж байна.
Кисэносато аваргыг энэ башёд түрүүлэх боломжтой гэж үзэж байгаа ч эхний барилдаанд Такакешод ялагдлаа. Гэхдээ 14 өдрийн барилдаан байгаа учраас цаашид олон сонирхолтой барилдаан гарах нь эхний өдрөөс харагдаж байна
Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров нар учраа бөхөө давсан бол Такаинова А.Баасандорж, Араваши Э.Дөлгөөн нар өрсөлдөгч бөхдөө дийлджээ.
Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 25-нд өндөрлөнө.


















