Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Л.Даваабаяр: Хөвсгөл нуурыг шим мандлын бүрэлдэхүүнээр дэлхийн өвд бүртгүүлэхээр төлөвлөсөн

Ядуурлыг Бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг 2016-2019 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Л.Даваабаяр: Хөвсгөл нуурыг шим мандлын бүрэлдэхүүнээр дэлхийн өвд бүртгүүлэхээр төлөвлөсөн
Л.Даваабаяр: Хөвсгөл нуурыг шим мандлын бүрэлдэхүүнээр дэлхийн өвд бүртгүүлэхээр төлөвлөсөн. Зураг: МҮОНРТ

Ядуурлыг Бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг 2016-2019 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгонд хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг ард иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны төсөл юм.

Уг төслийн санаачилгаар өнөөдөр/ 2019.05.03/ “Хөвсгөл нуурын Байгалын цогцолбор газарт аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөн” боллоо. Нуурын орчимд зөвшөөрөлтэй 120 орчим амралт, жуулчны бааз, үйл ажиллагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газарт үйлчилгээ явуулж буй эдгээр газруудыг үйлчилгээний төрлөөр ангилбал усан аялал, морин аялал, явган аялал, шувуу ажиглах, дугуйн аялал, цаа үзэх зэрэг төрлөөрөө харилцан адилгүй байгаа гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.

Тус зөвлөгөөний үеэр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлал эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяраас тодрууллаа.

– Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт одоогийн байдлаар хэчнээн аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байна вэ?

– БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөл авсан 118 аж ахуйн нэгж, иргэн бий. Үүнээс 55 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Харин 28 нь жуулчны баазаа барьж байгуулах шатанд, үлдсэн нь газраа авчихсан үйл ажиллагаагаа эрхлээгүй байна.

– Жилд тус газрыг зорьдог жуулчдын тоо ямар байна вэ?

– 2010 оноос хойш Хөвсгөлийг зорих жуулчдын тоо жил бүр нэг дахин өсөлттэй гарч байна. 2018 оны статистик мэдээнээс харахад тасалбар авсан хүний тоо 100 мянга байсан. Харин 15-16 мянган гадаад жуулчин тогтмол ирж байна. Тоо нь өсөөгүй, буураагүй.

– Тус газрын одоогийн нөхцөл байдал ямар байна. Аялал жуулчлалын улирал эхлэх гэж байна шүү дээ?

– “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” хэрэгжээд гурав дахь жилээ явна. Энэ хугацаанд Хөвсгөл нууранд тулгамдаж ирсэн нэлээд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн хүрээнд болон БОАЖ-ын сайдын А73 тоот тушаалын хүрээнд Хөвсгөл нуурын хажууд аялал жуулчлал эрхэлж буй жуулчны баазууд нүхэн жорлонгоо дарж, туршилтын эко жорлон ажиллуулж байгаа юм. Үр дүн нь сайн харагдаж байгаа.

Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг цэгцлэх ажлыг ихээр зохион байгуулж байгаа төдийгүй үүний нэг жишээ нь аялал жуулчлалаар ирж буй хүмүүсийн ёс зүйн дүрэм гэж гаргасан явдал юм.

-Зуны улиралд ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

– Бөөгийн тахилгыг зургаадугаар сард, цаатан фестиваль, улсын баяр наадам, Даян дэлхийн цом “шагайн харваа” тэмцээнийг долоодугаар сард, сарлагийн баярыг наймдугаар сард, жуулчны баазуудын намрын хаалтын арга хэмжээг наймдугаар сард тус тус зохион байгуулдаг.

– Цаашид Хөвсгөл нууртай холбоотойгоор ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа бол?

– Хөвсгөл нуурыг шим мандлын бүрэлдэхүүнээр дэлхийн өвд бүртгүүлэх, Ханх суманд худалдааны чөлөөт бүс байгуулах, дотоод бүсчлэлийг шинэчлэн байгуулах, байгальд ээлтэй 00 асуудлыг бүрэн шийдвэрлэх зэрэг хийхээр төлөвлөсөн олон ажлууд байна.

-Хэрэгжижи буй төслийн хүрээнд нутгийн иргэдэд чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна вэ?

Төслийн хүрээнд нутгийн иргэд өөрсдөө удирдан, захиран зарцуулах зээлийн эргэлтийн санг байгуулан төслийн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан аялал жуулчлал, мал ахуйн чиглэлээрх нийт 249 төсөлд 1.304.012.388,00 төгрөгний жилийн 2,4 хувь болон 7,2 хувийн хүүтэй, 18 сар хүртэлх хугацаатай бичил зээлийг олгоод байгаа.

Эдгээр төслүүдийн 172 нь аялал жуулчлалын, 77 нь мал аж ахуйн чиглэлийн төсөл байна. Нутгийн иргэдийн удирдлагатай зээлийн эргэлтийн сангаас иргэдэд олгож байгаа зээл нь жилийн 2,4 ба 7,2 хувийн хүүтэй байдаг ба нийт санхүүжигдсэн төслүүдийн 137 нь 2,4 хувийн хүүтэй буюу зорилтот бүлгийн иргэдэд олгогдсон байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй газрууд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг тогтмол хийлгэж байх шаардлагатай

БОАЖЯ-ны ТХНУГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Гал:

Хөвсгөл нуур байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүсийн сумдад хуурай аргын, байгаль орчинд халгүй, эко ариун цэврийн байгууламжийг турших, нутгийн иргэдийн хог хаягдлын бүлгээр нуур орчмын хог хаягдлын менежментийг хариуцуулах, нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалын сургалтын хөтөлбөр, нуурын усны чанарын хяналт мониторингийн хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагааг загвар байдлаар хэрэгжүүлж байна. Цаашид нуурын орчимд буюу тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж буй амралт, жуулчны баазуудын хувьд анхаарах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг тогтмол хийлгэх, ус ашиглалтын тайланг гаргаж , тоолууржуулах, ундны ус хадгалах савыг стандартын дагуу ашиглах, ариун цэврийн байгууламжийн олон улсын жишиг, стандартад нийцүүлэх, орчны эрүүл ахуйг хангаж хөрс, усны бохирдлоос сэргийлэх, ашиглах талбайн хэмжээг хэтрүүлэхгүй байх зэрэг анхаарах асуудал байгааг хэлж байлаа.

Мөн Хөвсгөл нуур байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүсийн сумдад хуурай аргын, байгаль орчинд халгүй, эко ариун цэврийн байгууламжийг турших, нутгийн иргэдийн хог хаягдлын бүлгээр нуур орчмын хог хаягдлын менежментийг хариуцуулах, нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалын сургалтын хөтөлбөр, нуурын усны чанарын хяналт мониторингийн хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагааг загвар байдлаар хэрэгжүүлж буй юм.

Хуваалцах