Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Туруунаа Монголын паралимпын 2022 оны шилдгийн шилдэг тамирчин боллоо

Монголын паралимпын хорооны оны шилдгүүдийг танилцуулъя.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Л.Туруунаа Монголын паралимпын 2022 оны шилдгийн шилдэг тамирчин боллоо
Л.Туруунаа Монголын паралимпын 2022 оны шилдгийн шилдэг тамирчин боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний паралимпын хорооны 2022 оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол болжээ. Тус хорооны баг тамирчид улирч буй онд паралимпын өвлийн наадам, ДАШТ, Азийн АШТ, дэлхийн цом, гран-при тэмцээнээс спортын найман төрөлд 18 медаль хүртжээ.

Монголын паралимпын хорооны оны шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг дэмжигч байгууллага: “Дүүрэн трейд”

“Дүүрэн трейд” компани шилдэг дэмжигч байгууллагаар шалгарсан бөгөөд Монголын пара гүйлтийн цанын “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцсон баг тамирчдад хувцас хэрэглэл, санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Шилдэг спорт холбоо: Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо

Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо энэ онд найман тэмцээн уралдаан зохион байгуулж, “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээнд анх удаа тамирчдаа оролцуулсан.

Шилдэг спортын холбоо: Монголын пара жүдо бөхийн холбоо

Монголын пара жүдо бөхийн холбоо Азербайжан улсад болсон пара жүдо бөхийн ДАШТ-д есөн тамирчнаа илгээж, анхны мөнгөн медальтнаа өлгийдөн авсан юм.

Шилдэг баг: Пара байт харвааны эмэгтэй баг

АНЭУ-ын Дубай хотод болсон пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртсэн нь Монголын пара байт харвааны түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт болсон.

Шилдэг залуу тамирчин: Ц.Дашдорж

Пара цаначин Ц.Дашдорж ДАШТ-ий 20 кг-ын зайд 10, дэлхийн цомын тэмцээний 12.5 кг-ын зайд тав, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд гурван зайд эх орноо төлөөлөн өрсөлдсөн.

Шилдэг эмэгтэй дасгалжуулагч: Б.Нарантуяа

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа дөрвөн жилд нэг удаа болдог жүдо бөхийн ДАШТ-д есөн тамирчнаа сойход -70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн юм.

Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Б.Золбоо

АНЭУ-ын Дубай хотод болсон пара байт харвааны ДАШТ-ээс Дасгалжуулагч Б.Золбоогийн шавь нар буюу Монголын эмэгтэй харваачид хүрэл медаль хүртэв.

Шилдэг эмэгтэй тамирчин: Х.Энхтуяа

Пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяа “Парис-2022” гран-при тэмцээнээс алт, “Софи-2022” гран-при тэмцээнээс мөнгө, Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ.

Шилдэг эрэгтэй тамирчин: Г.Ганзориг

Пара буудлагын тамирчин Г.Ганзориг БНСУ-ын Чанвон хотод болсон дэлхийн цомын тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл, 50 метрийн сонгомол гар бууны дасгалд алтан медаль хүртсэн.

Шилдгийн шилдэг тамирчин: Л.Туруунаа

Л.Туруунаа Азербайжаны нийслэл Баку хотод болсон пара жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн нь Монголын пара тамирчдын энэ оны оргил амжилт байв. Мөн Монголын бүх ард түмний спортын наадмаас алтан медаль хүртсэн юм.

Шилдэг зүтгэлтэн: П.Туул

Монголын хонхтой бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Туул шилдэг зүтгэлтэн болов. Тус холбоо МБАТСН, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн, МХБХ-ны 10 жилийн ойн тэмцээн, ахмад тамирчин С.Туяацэцэгийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахдаа харааны бэрхшээлтэй 250 тамирчныг хамруулжээ.

Хуваалцах