“Лейпциг” 2:2 “Боруссия Мюнхенгладбах”
“Лейпциг” клуб "Бундеслиг"-ийн энэ тойрогт өөрийн талбайдаа лигийн хүчтэй өрсөлдөгч “Боруссия Мюнхенгладбах”-ыг хүлээн авч, улирлын 4 дэх тоглолтоо хийлээ.
Мэдээллийн алба

Үүсэн байгуулагдаад ердөө 8 жил болж байгаа ч өнгөрсөн жил Германы дээд лигт анх удаа оролцохдоо 2-р байрт шалгарч, улмаар энэ жил ЕХХ-ны “Аваргуудын лиг”-т өрсөлдөж байгаа “Лейпциг” клуб "Бундеслиг"-ийн энэ тойрогт өөрийн талбайдаа лигийн хүчтэй өрсөлдөгч “Боруссия Мюнхенгладбах”-ыг хүлээн авч, улирлын 4 дэх тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын эхний гоолыг Бразил хамгаалагч Бернардогийн дамжуулалтаар Германы шигшээ багийн 21 настай залуу довтлогч Тимо Вернер оруулжээ. Вернер одоогоор 4 тоглолтод оролцож, 4 гоол оруулсан үзүүлэлтээр мэргэн буучдын жагсаалтын 2-р байрт бичигдэж байна.
Үүний дараа зочид торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Энэ удаад 24 настай Бельги хагас хамгаалагч Торган Азар цохилтыг амжилттай гүйцэтгэж, гоолын харьцааг тэнцүүлсэн. Гэсэн ч талбайн эзэд эхний үед дахин хошуучлалыг авч чадсан. Ингэхдээ Гвиней хагас хамгаалагч Наби Кейтагийн маш гоё дамжуулалтаар 20 настай, Франц довтлогч Жан-Кевен Огюстен улирлын эхний гоолоо оруулжээ. Харин тоглолтын 2-р үед “Боруссия Мюнхенгладбах”-аас Денис Закариягийн дамжуулалтаар энэ багийн лидер Ларс Штиндль тун чадварлаг цохилтыг гүйцэтгэж, гоёмсог нэгэн гоолыг оруулсанаар гоолын харьцаа дахин тэнцсэн.
Энэ тоглолтын 83 дахь минутад “Лейпциг”-ийн дундын шугамны гол хүч болсон тамирчин Наби Кейта эсрэг багийнхаа тамирчны нүүрэнд нь жийн орсоноор шүүгчээс улаан хуудас аван талбайгаас хөөгджээ. “Лейпциг” ийнхүү эхний 4 тоглолтын дараах байдлаар 7 оноотой хүснэгтийн 6-р байрт, “Боруссия Мюнхенгладбах” 5 оноотой 10-р байрт бичигдэж байна.


















