Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лучиа Ди Ламмермур" дуурь маргааш тоглогдоно

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Италийн нэрт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн "Лучиа Ди Ламмермур" хэмээх гурван бүлэгт эмгэнэлт дуурийг өөрийн театрын тайзнаа маргааш тоглох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лучиа Ди Ламмермур" дуурь маргааш тоглогдоно
"Лучиа Ди Ламмермур" дуурь маргааш тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Италийн нэрт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн "Лучиа Ди Ламмермур" хэмээх гурван бүлэгт эмгэнэлт дуурийг өөрийн театрын тайзнаа маргааш тоглох гэж байна. Дуурийг Солонгосын найруулагч Ан ХуВоны найруулгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдаж, УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглоно.

Энэхүү дуурийн цомнолыг Английн нэрт зохиолч Вальтер Скоттын "Ламмермурын сүйт бүсгүй" хэмээх тууж дээр үндэслэн цомнол зохиогч СалвадореКаммарано бичжээ. Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн бичсэн уг эмгэнэлт дуурь нь бельканто дэг сургуулиар дадлагажигчдын хувьд сонгодог урлагийн оргил бүтээл хэмээн зүй ёсоор тооцогддог.

Энэ дуурь нь олон алдартай ари, хөгжмийн хэсэгчилсэн бүтээлүүдийг агуулсан тул дэлхийн хөгжмийн түүхэнд ихэд алдаршжээ. Г.Доницетти энэхүү бүтээлээ бичиж ийнхүү алдарт хүрсэнд түүний хөгжмийн зохиолчийн нэр хүнд төдийгүй тухайн үед Шотландыг ихээхэн сонирхож байсан Европын бусад улс орнуудын улс төрийн сонирхол ихээхэн нөлөөлсөн гэж түүхчид үздэг байна. "Лучиа Ди Ламмермур" дуурийн анхны тоглолт 1835 оны 9 дүгээр сарын 26-нд Наплесийн "Teatro San Carlo" театрт болж байсан түүхтэй аж.

Тус дуурийг өмнө нь буюу 2015 оны 10 дугаар сарын 17-нд Солонгосын найруулагч Ан ХуВоны найруулгаар анх удаа тавьсан бөгөөд УГЗ Ж.Бүрэнбэх удирдаж, тайз чимэглэлийг СТА Г.Ганбаатар, хувцсыг СТА Г.Оюун нар бүтээж, нээлтийн тоглолтоо хийж байжээ.

Хуваалцах