Льюс Хэмилтон тэргүүн байрт дэвшлээ
Авто спортын хаан “Формула-1” ангиллын ДАШТ-ий энэ оны 12 дахь гараа Италийн "Гран-При" өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Авто спортын хаан “Формула-1” ангиллын ДАШТ-ий энэ оны 12 дахь гараа Италийн "Гран-При" өнөөдөр боллоо. Эхний 12 гарааны дараах байдлаар 2017 оны уралдааныг Герман нисэгч Себастиан Веттел тэргүүлж байсан. Тэгвэл түүнээс 7 оноогоор хоцорч байсан Льюс Хэмилтон Италийн “Гран-При”-д түрүүлсэнээр нийлбэр оноогоор уралдааны 1-р байрт дэвшсэн байна.
Алдарт Монзагийн “Гран-При”-д дэлхийн шилдэг 20 нисэгч гараанаас гарч 306.720 км үргэлжлэх замд, нийтдээ 53 тойрог уралджээ. Дэлхийн 3 удаагийн аварга Льюс Хэмилтон энэ удаагийн “Гран-При”-гийн байршил тогтоох уралдаанд түрүүлж, 69 дэх удаагаа “поль посишн” хийсэн. Өөрөөр хэлбэл 69 дэх удаагаа “Гран-При” уралдааныг тэргүүлэн гарч, “Формула-1” ангиллын уралдааны түүхэнд нэгэн дээд амжилт тогтоогоод байсан. Хэмилтон улмаар энэ өдрийн гараанд 1 цаг, 35.544 секундын амжилтаар тэргүүн байрт шалгарч, бүтэн 25 оноогоо авсанаар нийтдээ 238 оноотой боллсон юм. Ийнхүү Льюс Хэмилтон 71 дэх удаагийн “Формула-1” ангиллын ДАШТ-ийг 12 гарааны нийлбэр оноогоор тэргүүлж эхэллээ. “Мерседес” багийн Льюс Хэмилтон энэ жилийн 12 гарааны 6-д нь түрүүлээд байна.
Уралдааны 2-р байрт түүний багийн хамтрагч, Финлянд нисэгч Валттери Боттас шалгарсан бол энэ жилийн тэмцээнийг тэргүүлж байсан “Феррари” багийн Герман нисэгч Себастиан Веттел 3-р байрт барианд оржээ. 12 гарааны дараах нийлбэр дүнгээр 36 настай Их Британийн алдарт тамирчин Льюс Хэмилтон 238 оноотой бүх тамирчдыг тэргүүлж байгаа бол тэргүүлэгчээс 3 оноогоор хоцорч байгаа Себастиан Веттел 2-р байрт, “Мерседес” багийн Валттери Боттас 197 оноотой 3-р байрт эрэмбэлэгдэж байна. Энэ оны ДАШТ-ий 14 дэх гараа энэ сарын 17-ны өдөр Сингапур улсад болно. Өнгөрсөн 3-р сарын 26-ны өдөр эхэлсэн ДАШТ улмаар 11-р сарын 26-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо сүүлийн буюу 20 дахь бариагаа хийж, аваргаа тодруулах юм.


















