Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

М.Энхболд: Хамгийн их халаа сэлгээг АН-ын шинэ сайдууд хийсэн

МАН-аас өнөөдөр Засгийн газарт Ардчилсан намтай байгуулж ажилласан гэрээний хэрэгжилтийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
М.Энхболд: Хамгийн их халаа сэлгээг АН-ын шинэ сайдууд хийсэн
М.Энхболд: Хамгийн их халаа сэлгээг АН-ын шинэ сайдууд хийсэн. Зураг: МҮОНРТ

МАН-аас өнөөдөр Засгийн газарт Ардчилсан намтай байгуулж ажилласан гэрээний хэрэгжилтийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд нар оролцов. Тус хэвлэлийн хурлын үеэр МАН-ын дарга М.Энхболд “МАН хамтарсан гээд амаа үдүүлнэ гэж байхгүй. УИХ-ын гишүүд саналаа илэрхийлэх эрх нь нээлттэй. Үүнээс гадна МАН халаа сэлгээ хийсэн шүүмжлэл гарч байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Хамгийн их халаа сэлгээг АН-ын шинэ сайдууд хийсэн” гэв.

МАН ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН АЛДАА МАДГИЙГ ЗАСЧ ЗАЛРУУЛАХ ҮҮДНЭЭС ЗАСАГТ ОРЖ АЖИЛЛАСАН-

МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ, өнгөрсөн оны арваннэгдүгээр сар Ардчилсан нам манай намд урилга илгээж, засагт хамтрах хүсэлт тавьсан. Тэгээд таван бүлэг бүхий 20 гаруй асуудлаар гэрээ байгуулж ажилласан. Эдийн засгийн асуудлыг хамтад нь шийдэх, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, өмнөх Засгийн газрын алдаа мадгийг засч залруулах үүднээс МАН засагт орж ажилласан.

Өрийн босгыг АН өмнө нь 46 хувьтай байна гэсэн боловч манай нам засагт орж ажиллахдаа 58.3 хувьтай байгааг олж тогтоосон. Тиймээс гадаад өрөө нэмэхгүйгээр, эдийн засгаа яаж сайжруулах вэ, мөн Оюутолгой, Тавантолгойн төслийг олон түмний хяналт дор авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэх зэрэг олон асуудлаар гэрээ байгуулсан.

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын даргатай уулзаад, Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой. Засч залруулахыг нь залруулаад, УИХ шуурхай хэлэлцээд явуулах ёстой гэж ярилцаж шийдсэн байсан. Харамсалтай нь, УИХ-ын дарга түгжих, гацаах бодлого барьж байсан юм билээ.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэгчийг Ерөнхий сайд манай намтай зөвшилцөлгүйгээр Дубайд очиж зурсан. Өмнө нь Ерөнхий сайдыг Дубайд Оюутолгойн гэрээг зурах нь гэсэн мэдээлэл авсан байсан. Тиймээс МАН-д гэрээгээ танилцуулаарай гэсэн боловч танилцуулаагүй. Ирснийх нь дараа энэ асуудлаар мэдээлэл авах гэсэн боловч гадаад яваад гүйцэгдээгүй.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад хэлэлцэж шийднэ гэж гэрээнд заасан ч АН манайтай ярилцаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Н.Батбаяр ахалж ажиллаж байгаа. Сонгуулийн хуулийн төсөл дээр Р.Бурмаа ахалж ажиллаж байгаа. Аль нь ч орж ирээгүй байна. МАН-ын зүгээс хяналтын тооллогыг гараар явуулах, сонгуулийн тогтолцооны талаар ард түмнээсээ санал асуулга асууя гэсэн хуулийн төсөл өргөн барьсан, одоо ч хэлэлцэгдээгүй байна.

-ЗАСАГ ТӨР ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

Ардчилсан намын дарга З.Энхболд өчигдөр “Танай нам хамаатан саднаа ажилд авсан” гэж чуулганы хуралдаан дээр хэлсэн. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс авсан хэдэн тоог мэдээлье. Зам тээврийн яаманд шинээр 24 хүн, Барилга хот байгуулалтын яаманд шинээр 28 хүн, Хөдөлмөрийн яаманд шинээр 48 хүн оржээ. Тэгвэл АН-ын сайдтай байгаад дараа нь АН-ын хүн сайд болсон Гадаад хэргийн яаманд 31 хүн, Аж үйлдвэрийн яам 33 хүн, МАХН-ын сайдтай байгаад МАХН-ын хүн очсон ЭМСЯ-д 31 хүн шинээр ажилд оржээ.

Сайд нь солигдоогүй Боловсролын яам гэхэд энэ жил 11 хүнийг халж сольж ажилд авсан байна. Төрийн албан хаагчдын халаа сэлгээ бүх яам дээр өрнөсөн. Хөдөлмөрийн яам бол системээрээ үүрэг гүйцэтгэгч байсан. Энэ салбарыг Я.Санжмятав тэр чигээр нь үүрэг гүйцэтгэгч болгосон байсан.

Манай нам хууль зөрчсөн томилгоо хийгээгүй. АН-ын дарга З.Энхболдын үйлдэл хэтэрч байна. УИХ-ын гишүүний эрхэнд халдаж, Дэгийн тухай хууль зөрчиж, “Надад таалагдахгүй байна” гэж микрофоныг нь хаалаа. Их хурлын гишүүнийг уймраа энэ тэр гэж доромжилсон. Ийм дээрэнгүй байдлаар ханддаг болжээ.

МАН-ыг Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах гэж байна гэсэн яриаг АН гаргаж байна. Би засаг төр тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байгаа. Ардын нам Ардчилсан намаас оруулж ирж байгаа шинэ сайдуудыг дэмжинэ. Харин сайн хүн оруулж ирэх ёстой гэдгийг хэлье.

-МАН ОДОО СӨРӨГ ХҮЧИН ШИГ СӨРӨГ ХҮЧИН БОЛЖ АЖИЛЛАНА-

Түүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ, АН-ынхан МАН орон нутагт манай намыг шүүмжиллээ гээд байна. Үнэндээ Шинэчлэлийн Засгийн газрын үед улс орон ямар болсныг иргэд биднээс асууж тодруулсан. Биднээс Чингис бонд, Самурай бондыг асуусан. Бид үнэнийг л хэлсэн. Мөн Н.Алтанхуягийн засгийн алдааг үүрэхгүй, хамтарсан цагаас хойшхи хариуцлага хамтдаа хүлээнэ гэсэн гэв. УИХ-ын гишүүн Су.Батболд “МАН одоо сөрөг хүчин шиг сөрөг хүчин болж ажиллана. АН үүнийг нь дааж ажиллах ёстой шүү гэдгийг хэлье” гэлээ.

Хуваалцах