Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

М.Наранбаатар: Бидэнд хуульд зааснаас гадна ёс суртахууны том үүрэг байдаг юм

Би энэ цонхоор харах их дуртай. Эндээс Улаанбаатарын амьдрал баяр гунигтайгаа, өгсөж уруудахтайгаа, бүтэх бүтэхгүйтэйгээ бүгд харагддаг. Одоо бол сайхан л байна, өвөл утаа нэлэнхүй бүрхдэг болохоор жаахан гунигтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
М.Наранбаатар: Бидэнд хуульд зааснаас гадна ёс суртахууны том үүрэг байдаг юм
М.Наранбаатар: Бидэнд хуульд зааснаас гадна ёс суртахууны том үүрэг байдаг юм. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн 46 жилийн ой энэ сарын 27-нд тохиох гэж буй. Үүнтэй холбогдуулан МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатартай ярилцлаа.

-Таны цонхоор Улаанбаатар хотыг тэр чигт нь харж болохоор юм. Эндээс бидний амьдралын хувирал өөрчлөлт бас илхэн харагдана. Энэ зуур нийгмийг харах толь болсон телевизийн байгууллага ч өөрчлөгдөж буй нь мэдээж. Үүгээр хоёулаа яриагаа эхлэх үү?

-Би энэ цонхоор харах их дуртай. Эндээс Улаанбаатарын амьдрал баяр гунигтайгаа, өгсөж уруудахтайгаа, бүтэх бүтэхгүйтэйгээ бүгд харагддаг. Одоо бол сайхан л байна, өвөл утаа нэлэнхүй бүрхдэг болохоор жаахан гунигтай. Телевизийн антенийн гуравны нэг харагдаж байвал аймшгийн утаатай, гуравны хоёр нь байвал боломжийн гэхчилэн би өөрийн гэсэн барометртэй хүн (инээв). Телевиз маань ч энэ зуур их өөрчлөгдлөө. Энэ бол жам ёсны зүйл.

М.Наранбаатараас үл хамааран хөгжиж хөврөх их замаа туулж л явна. Телевизийн хөгжлийг илтгэх гол зүйл нь уран бүтээлийн чанар. Энэ талд бид хөгжиж, дэвшсэн зүйл олон байна. Техникийн хувьд жигтэйхэн сайн боллоо гэж хэлэхгүй ч боломжийн хэмжээнд ажиллаж байна. Техник технологийн хэт хурдан хөгжлийг даган байгаагаа шинэчлэх, жишээ нь HD рүү шилжих шаардлага тулгарч буй. Бид эхнээс нь төлөвлөж, бэлдэж байгаа. Техникээс гадна энэ бүхнийг хүн л хийдэг болохоор боловсон хүчнээ бэлдэх, хүмүүсээ боловсруулах тал дээр чамгүй анхаарсан. Байр сууц, цалин хангамж, ажиллах орчин нөхцөл таатай байж гэмээнэ бид тэднээс сайн ажлыг шаардах эрхтэй болно. Тийм учраас энэ талд бас их анхаарч байгаа.

-Та хамгийн анх телевизийн босгоор алхсан өдрөө санадаг уу. Өнөөдрийн бодол, сэтгэлд чинь өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл олон байгаа байх л даа.

-1995 онд төгсөх курсын оюутан байхдаа телевизэд ажилд авна гэсэн зарын дагуу ирж, өндөр босгыг нь давж байлаа. Би уг нь сэтгүүлч мэргэжлээр сураагүй. Олон улсын харилцааны ангид байсан. Найзуудынхаа ятгалга, дэмжлэгээр л наашаа зүглэсэн. Тэр үед 70-аад хүн бүртгүүлж байсан санагдана. Анх энд орж ирээд, радиогоор хоолойг нь сонсож, телевизээр царайг нь хардаг мундаг хүмүүсийг хараад баярлаж байлаа. 1995 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр он сартайгаа санаанд бууж байна. Би их зөв өдрөө наашаа ирсэн гэж боддог. Гэхдээ тэр үеийн телевизийн түүх их сонин байлаа. Нэг л тийм гундуу болоод, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрээд л. Гэвч манай хамт олон тэр хэцүү үеийг хамтдаа давсан. Ер нь ийшээ орж ирсэн хүн дандаа өөдөлдөг. Хүнийхээ хувьд ч, уран бүтээлчийнхээ хувьд ч илүү туршлагажиж, илүү ухааждаг. Өдөр болгон шинэ хүнтэй уулзаж, шинэ юм бодож, шинийг эрэлхийлдэг сайхан мэргэжил шүү.

-1990-ээд оноос хойш хувийн телевизүүд олширч, эхнээсээ байр суурь нь тогтож, хөлөө олоод байна. Жижиг зах зээлд олон өрсөлдөгч байгаагийн хувьд техник технологи, агуулгын хувьд ч тэд өдрөөс өдөрт өсөж байгаа. Гэвч МҮОНТ өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн үнэ цэнээ бариад, салбарынхаа тэргүүнд тогтоод буйн учрыг та юу гэж хардаг вэ?

-Үүнийг хүмүүс янз бүрийн өнцгөөс л харж, дүгнэдэг. 2005 онд манай телевиз олон нийтийнх болж, хууль ч гарсан. 1990-ээд оноос хойш арилжааны телевизүүд бий болох үед энэ аварга том хөлөг онгоц живж, сүйрнэ гэсэн бодолтой, ойлголттой, магадгүй тэгээсэй гэж хүсдэг хүмүүс ч байсан. 2005 онд тэр нь илэрхий тодроод ирсэн л дээ. МҮОНТ-ийг сөхрүүлээд, байрыг нь хувьчлаад, хэд хэдэн телевиз оруулж ирэх сонирхолтой хүмүүс байсан. Гэвч бий болсон цагаасаа эхлэн ард олныг баясгаж, соён гэгээрүүлсэн буян гэж байдаг юм байна. Тэр буян нь энэ байгууллагыг авч үлдсэн гэж би хувьдаа боддог. Нөгөө талаар энэ бол 1967 оноос бий болсон брэнд юм. Боловсон хүчний уурхай энд байна. Телевизийн дэг сургууль МУИС-д биш, РТДС-д биш, СУИС-д ч биш, энд байдаг. Шинээр бий болсон арилжааны бүх телевизийн техникийг угсарсан хүн манайд бий. Монголд өөр хүн байхгүй учраас манай инженерүүд л угсарна шүү дээ. Тэгэхээр уламжлал, үндэс суурь нь юм. Байгуулагдсан цагаасаа хойш манай телевиз их юм үзсэн. Социализмын үед үзэл суртлын зэвсэг байж үзлээ. 1990-ээд оны үед ардчилсан хувьсгалд анхнаас нь бас оролцсон. “Цаг үе залуучууд”-ыг хүмүүс одоо ч санаж байгаа байх. 1990-2000 он хүртэлх зах зээлийн ороо бусгаа үед манайхан ажлаа хаяж, ганзага хөөлгүй телевизээ авч үлдлээ. 2005 онд олон нийтийнх болсноор аль нэг ялсан намын дуу хоолой байхаа болилоо. Цагийн энэ бүх сорилтыг манай хамт олон давж туулаад өнөөдрийг хүрсэн нь бахархмаар.

-МҮОНТ-ийн 46 жилийн ой энэ сарын 27-нд тохиох гэж байна. Энэ өдрийг та бүхэн ямар ололт амжилтаар угтаж, цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Нэг л их амжилт ярьсан хүн болчих вий. Гэхдээ манай хамт олон энэ зуур их зүйлийг амжуулсан. Бидэнд хуулинд зааснаас гадна ёс суртахууны үүрэг гэж том юм байдаг. Салбартаа тэргүүлж, том болох гоё ч, том байх хэцүү гэдэг. Өдийг хүртэл бий болгосон рейтингээ хадгалж явах нь хамгаас чухал. Хэрэв та бүхэн анзаарсан бол манайхыг МАН-ын, эсвэл АН-ын телевиз гэх яриа байхгүй болсон. Засгийн газартай хамтарч ажилладаг ч тэднээс хараат байхаа больсон гэсэн үг. Хөтөлбөрийн бодлогын хувьд ч дэвшилттэй зүйлс олон бий. Урьд давталт болон кино дийлэнх цагийг авдаг байсан бол одоо олон нийт рүү хандаж, тэдэнд шууд чиглэж, харилцсан нэвтрүүлгүүд олон боллоо. 2008 онд бид таван жилийн дунд хугацааны стратеги боловсруулсан. Ажиллах таатай орчин, цалингийн зарчим, гадаадад Монгол Улсын нэр хүндийг өргөх, хөтөлбөрөө шинэчлэх зэрэг найман заалт бий. Энэ хүрээнд харвал бид чамгүй зүйлийг амжуулсан нь харагдаж байна. Манай телевизийн байртай залгаад 124 айлын орон сууц баригдаж дууслаа. Тун удахгүй ашиглалтад орно. 2000-аад оны эхний жилүүдэд манай ажилчид телевизээсээ гарах хандлага их байсан. Тэгтэл одоо манай багт ямар нэг байдлаар багтах гэсэн нүүдэл эхэлсэн байна. Энэ ч бас нэгийг илтгэж байгаа хэрэг.

-Энэ хугацаанд бий болгочих боломж байсан ч хийж бүтээж чадаагүй зүйл хэр олон бий бол?

-Биднээс шалтгаалахгүй саад олон байдаг. Угаасаа зах зээл нь жижиг, цөөхөн хүн амтай учраас цөөн үйл явдалтай. Арилжааны телевизүүд олноор гарч ирлээ. Эднээс хууль журмын дагуу эрхээ аваад ажиллаж байгаа нь тун цөөхөн. Гэтэл бид гурав, дөрөвдүгээр суваг байгуулахаар хөөцөлдөөд өнөөдрийг хүртэл бүтээгүй л байна. Бид өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийж, II сувгаа байгуулсан нь энэ бүхний эхлэл. Монгол Улс олон үндэстэн ястнаас бүтсэн улс учраас казах, буриад, цаатан аялгаар мэдээллээ хүргэдэг нэг, спорт, хөгжмийн тус бүр нэг, MNB World гээд англиар мэдээллээ бэлтгэж, дэлхий цахинд цацдаг нэг суваг нээх зорилго бидэнд бий. Олон Засгийн газарт хандаж үзсэн боловч өнөө хэр бүтээгүй л явна. Гэхдээ чадаж, бүтээх хугацаа байгаа байх гэж найддаг.

-Таныг өөр салбар руу, жишээ нь улс төрд карьер хөөх боломжтой байсан гэж цөөнгүй хүн ярьдаг. Харин юу таныг өнөөдрийг хүртэл телевизийн салбарт байлгаад байдаг юм бэ?

-Нэгэнт байр суурь нь тогтчихсон хүн нэг юм хийчихээр дараа дараагийнх нь зам харагдаад эхэлдэг шиг байгаа юм. Тэгээд яг буурин дээрээ баахан эргэдэг. Би тэгээгүй. Өнгөрсөн хугацаанд намайг УИХ-д хэд хэдэн удаа нэр дэвшүүлсэн, мөн МҮОНРТ-ийн захирлын албан тушаалаас 20 гаруй удаа халагдсан мэтээр яригддаг байсан. Энэ нь ч цаашид үргэлжлэх байх. Гэвч яахав, цаг хугацаа л бүхнийг харуулах байх даа.

Т.Жаргал

Хуваалцах