Майдар эргэх ёслол анх 1686 онд болжээ
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд жил бүрийн хаврын адаг сард Майдар эргэх зан үйлийг хийдэг. Үүний дагуу өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд Майдар эргэх ёслол болж байна.
Мэдээллийн алба

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд жил бүрийн хаврын адаг сард Майдар эргэх зан үйлийг хийдэг. Үүний дагуу өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд Майдар эргэх ёслол болж байна.
Үүнтэй холбоотойгоор уншигч та бүхэнд Майдар эргэх ёслолын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.

Энэ ёслолд хоёр долоо хоног орчим бэлддэг. Хоёр дугуйтай тэргэнд Майдар шүтээнээ залан хийд тойрон гороо хийхэд бэлэн болгодог. Шүтээний өндөр нь газраас найман тохойноос багагүй байх ёстой. Тэргэнд мод, цаасаар хийсэн ногоон өнгийн морь, зааныг хөллөж, нуруунд нь чандмань эрдэнийн дүрсийг зална.
Майдар эргэх өглөө, лам нар ердийнхөөрөө хурлаа эхэлж, хурлын дараа хийдийн хамба лам хоёр, гурван ширээт ламын хамт Майдар бурханы алтадсан хөргийг дуганаас гаргаж, бусад лам нар Майдар бурханы таван аймаг номыг авч ирж бурханы өмнө зална. Дараалах лам нар хүж арц асаан, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил, таван хүсэл зэргийг тэргэнд залсан Майдар бурханы өмнө өргөнө. Үүгээр Майдар эргэх ёслол эхэлнэ.

Зэрэг дэвээрээ жагссан лам нар хос хосоороо лавай, цан, хэнгэрэг, бишгүүр, ганлин бүрээ, үхэр бүрээ зэргийг дуугарган явна. Мөн нэг лам хонх дуугаргаж, өөр нэг лам Майдар бурханы шар шүхрийг тус тус барьж цувран явна. Түүний араас Майдар бурханы тэрэг дагалдан явах ба хорь орчим лам морины цулбуур, тэргэнд уясан татлага оосрыг мөрөндөө эгэлдэргэлэн тэргийг чирдэг. Тэрэгний араас хоёр бүрээч лам, бусад лам нар дагалдан явна. Майдар бурхан тэргийг баруун тийш нар зөв эргүүлэн хөгжмийн зөөлөн аянд хийдээ тойрч хөдөлнө. Хөдөлгөөн нь удаан, зааны явдал шиг байх ёстой. Тийнхүү явсаар хийдийн хойд хаалган дээр ирэхэд лам нар хангай дэлхийд ном уншиж, балин өргөнө. Дараа нь түр завсарласны дараа лам нар Майдарын тэргэн дээр эргэн цугларч аз жаргал, ариун ёсны ерөөл номыг хурна. Хурал өндөрлөхөд тэргийг дахин хөдөлгөж, хийдийн зүүн хаалганы дэргэд ирж, шүтээнээ өмнө зүг хандуулан Майдарын таван номыг хурдаг.
Дараа нь цуваа тэндээс хөдөлж хийдийн гол хаалгаар орж гол сүмийн үүдэнд ирнэ. Энд Майдарын ерөөл хурж, үүгээр Майдар эргэх ёслол өндөрлөдөг. Шүтээнээ тэргэнээс авч гол сүмдээ залах ба бусад хэрэглэсэн зүйлсийг байр байранд нь буцаан тавина.

Нэмж мэдээлэхэд, 1686 онд төв, халх, баруун Монголын хаад ноёд, хувилгаад “Хүрэн бэлчир” гэдэг газарт цугларч, найрамдлын их хуралдааны дараа шашны эл зан үйлийг эхлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш халхын олон хийдэд Алтан Майдарыг ногоон морь бүхий дөрвөн дугуйтай тэргэн дээр залж, хийдийн гадна талаар тойрч, эргэдэг заншилтай болжээ. Их Хүрээнд Богд Жибзундамба хутагтын санаачилгаар Жадаран аймгийн хамба Лувсанхайдав Майдарын дуганыг бүтээсэн үеэс “Хүрээ Майдар” эргэх ёслолыг 1834-1936 онд 103 удаа тасралтгүй үйлджээ.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном
Уншигч та бүхэнд өнгөрсөн оны тавдугаар сард Эрдэнэзуу хийдэд болсон Майдар эргэх ёслолын бичлэгийг сонирхуулж байна.


















