Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 62-136 төгрөгөөр буурчээ

Нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар мах нөөцөлж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 62-136 төгрөгөөр буурчээ
Махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 62-136 төгрөгөөр буурчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар мах нөөцөлж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна.

Арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4.0 мянган тн мах бэлтгэснийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс нийлүүлж байна. Худалдаанд 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 2820 тн мах борлуулаад байна.

Нийслэлийн 8 дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7200 төг/кг, хонины ястай махыг 6000 төг/кг, ямааны ястай махыг 5500 төг/кг үнээр худалдаалж байна. Энэ нь зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа юм.

Нийслэлийн хүн амын махны нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөсөн худалдааг зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэн ажиллаж байна. Нөөцийн махны худалдааг хүртээмжтэй болгох зорилгоор салбарын яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай уулзаж, худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан зохион байгуулахаар ажлаа эрчимжүүлж байна.

Тавдугаар сарын 10-15-ны өдрийн хугацаанд хүнсний захуудын махны үнэ огцом өсч, ард иргэдийг бухимдуулсан явдал нь цаг агаарын хүндрэлээс үүдэн хот хоорондын тээвэрлэлтийг түр хязгаарласан болон гарал үүслийн баталгаагүйгээс мэргэжлийн хяналтын байгууллагын хориг тавигдсанаас махны нийлүүлэлт саатсан, шатахууны үнийн өсөлт махны үнийн өсөлтөд нөлөөлсөн, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд захаас болон зах руу ирэх махнаас амдан авч, түүхий эдээ бэлтгэсэн зэрэг явдал нөлөөлсөн байна.

Үндэсний статистикийн газрын тавдугаар сарын 22-ны өдрийн мэдээгээр өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад 62-136 төгрөгөөр буюу 0.5-1.27 хувиар буурсан байна.

Яамнаас 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тандалт судалгаагаар, Хүчит шонхор захад хонины мах бөөний үнээр 7000-7800 төг/кг, жижиглэнгийн үнээр 8000-9500 төг/кг, ямааны мах бөөний үнээр 6500-7000 төг/кг, жижиглэнгийн үнээр 7700-9500 төг/кг, үхрийн мах бөөний үнээр 7500-9000 төг/кг, жижиглэнгийн үнээр 10000-12000 төг/кг, адууны мах бөөний үнээр 6800-7200 төг/кг, жижиглэнгийн үнээр 8500-9000 төг/кг үнэтэй байна.

Тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар орон нутгаас нийслэл хот руу нийт 67.1 тн мах, 553 толгой амьд мал нийлүүлэгдсэн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах