Малчдад туслах "1000 төгрөг" аянд нэгдэхийг уриалж байна
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй аймгийн удирдлагууд 11 дүгээр сарын 20-ны өдөр малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцсан.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй аймгийн удирдлагууд 11 дүгээр сарын 20-ны өдөр малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцсан.
Хонгор сумын 2 дугаар багийн Зулзага, Адуунтолгой, Бухаар, Углуу, Сонинхангай, Цавын гуу, Шийр, Аргалын гарам, Хустайн давааны ард өвөлжиж буй 50 гаруй айл өрхөөр орж, санал хүсэлтийг нь сонсчээ. Мөн аймгийн Улаан Загалмайн хороо хандив, Эрүүл мэндийн газраас ирүүлсэн эмийн багц, өрх бүрт тус бүр нэг шуудай хивэг, нүүрс, элгэвч, нэмнээ, бээлий зэргийг хүргэсэн байна.
Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн их эмч малчдад эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, цаг уурчид малын бэлчээр дэх цасны зузаанд хэмжилт хийв.
Энэ онд Дархан-Уул аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 659.3 мянган толгой мал өвөлжиж, хаваржина. Аюулгүйн нөөц бүрдүүлэлт 306.4 тонн өвс, 69 тонн тэжээл бэлтгэж, гүйцэтгэл 95 хувьтай байна.
Малчдын аж амьдралтай танилцсаны дараагаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нийт Дарханчууд, ААНБайгууллагуудад хандан “Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-ыг санаачлан эхлүүлээд байна.
Цугларсан мөнгөн тусламж, эд материалыг 2017 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчин түмэндээ хүргэх аж.


















