Малчин залуусыг манай үеийн баатрууд хэмээн нэрийдлээ
“Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөлгөөнийг хоёр жил тутамд зохион байгуулж байхаар төлөвлөж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Мэдээллийн алба

Ерөнхий сайдын ивээл дор “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөлгөөн Төрийн ордонд эхэллээ. Өнөөдөр улсын хэмжээнд мал маллаж, баялаг бүтээж байгаа 15-34 насны 110 мянга гаруй залуусын төлөөлөл болсон 360 залуу малчин 21 аймгийн 330 сумаас хуран чуулжээ. 2013 онд 3800 толгой мал тоолуулж ажил амжилтаараа залуусаа түүчээлж байгаа Завхан аймгийн Цэцэн-Уул сумын малчин Д.Ванган, 2000 гаруй мал тоолуулсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин эмэгтэй Мөнхнасан, хамгийн залуу малчин Ховд аймгийн Мөст сумын малчин Тулгаа зэрэг тэргүүний залуу малчид зөвлөлгөөнд уригдан оролцож байна. Зөвлөлгөөнд 68 залуу малчин эмэгтэй уригдан оролцож байгаа юм.
Залуу малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, залуу малчдынхаа нэр хүндийг өсгөх, урам өгөх, тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” зөвлөлгөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлэхдээ “Монголын 45 сая толгой мал сүрэг малчид та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өсч үржиж байгаа шүү” гэдгийг онцлолоо.
Монголчуудын мал маллах арга ухаан, ёс заншил, соёл уламжлалыг өвлөн тээж, баялаг бүтээж байгаа малчин залуусыг Ерөнхий сайд манай үеийн баатрууд гэж нэрлэлээ. Зөвлөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсэг малчин залуучуудын төлөөлөлтэй урьдчилан уулзаж, шийдвэрлэвэл зохих ямар асуудлууд байгааг тодорхойлох үеэр олон чухал санал санаачилга гарсан бөгөөд энэ бүхнийг зөвлөлгөөний үеэр хэлэлцэж, шийдвэр гаргана. Залуу малчдыг дэмжих хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг зөвлөлгөөний үр дүнд байгуулж, цаашид яаж ажиллахаа тодорхойлно.
“Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөлгөөнийг хоёр жил тутамд зохион байгуулж байхаар төлөвлөж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Зөвлөлгөөний үеэр орлого нэмэгдүүлэх боломж, боловсрол-эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцаа-нийгмийн даатгал зэрэг хэлэлцүүлэг зохиогдох бөгөөд зөвлөлгөөний уриалга болон Засгийн газрын тогтоолын төслийг Ерөнхий сайдад өргөн барих юм. Малчин залуус сүүний үйлдвэр, ноос, ноолуурын үйлдвэр, арьс ширний үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцах юм.


















