МАН-ын Бага хурлын VII хуралдаанд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавилаа
Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байгаа Монгол ардын намын VII бага хуралд УИХ-ын дарга,МАН-ын дарга М.Энхболдын тавьсан илтгэл олон нийтийн анхаарлыг татаж байна.
Мэдээллийн алба

Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байгаа Монгол ардын намын VII бага хуралд УИХ-ын дарга,МАН-ын дарга М.Энхболдын тавьсан илтгэл олон нийтийн анхаарлыг татаж байна.
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын тавьсан илтгэлийнхээ эхэнд тус нам Улсын Их Хурлын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566-г манай намын гишүүд авлаа гэдгийг онцлоод түүнчлэн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 330 сумаас 232 суманд буюу 70.4 хувьд нь, нийслэлийн 9 дүүргийн 6-д нь буюу 66.6 хувьд нь тус тус ялалт байгууллаа хэмээн тэмдэглэлээ.
Тэрээр илтгэлдээ Сонгууль болсноос хойш юуг амжуулж, ямар асуудал, арга хэмжээнд анхаарал хандуулав, нөхцөл байдал чухам ямаршуу байгаа талаар товч танилцууллаа.
Түүнчлэн “Дөрвөн жилийн өмнөх Монгол, дөрвөн жилийн дараах өнөөдөр хоёрын хооронд тэнгэр газар шиг, тэмээ ямаа мэт ялгаа гарч, эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд бараг бүхлээрээ огцом уналтыг зааж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газар энэ хүнд байдлаас гарахад чиглэсэн бодлогын болон эрх зүйн баримт бичгүүдийг нэн даруй боловсруулах, хэлэлцэн батлахад онцгой анхаарлаа.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны төсөв, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон зайлшгүй шаардлагатай зарим хууль, тогтоомжийг батлах болон өөрчлөлт оруулах асуудлыг УИХ аль болох богино хугацаанд шийдвэрлэн, Засгийн газарт хийж хэрэгжүүлэх ажлыг нь шуурхайлуулах зорилго тавьж ажилласан.
Засгийн газрын ойрын үеийн зорилт бол эдийн засгийн хүндрэлийг аль болох охорхон хугацаанд давж гарч, ард иргэдээ ажилтай орлоготой, амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх явдал юм.
Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016 оны эцэст төсвийн алдагдлын хэмжээ 4.3 их наяд төгрөг болохоор байгаа нь ДНБ-ий 18.0 хувьд хүрч, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан хязгаарыг давахаар байгаа бөгөөд ирэх жилүүдэд Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр байна.
Өнгөрсөн 4 жилд төсвийн бодлогод өөрчлөлт оруулаагүй, банк санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг эхлүүлээгүй хугацаа алдсан нь гадаад, дотоод санхүүжилтийн хэрэгцээ, зээллэгийг улам нэмэгдүүлэх, гадаад өрийн хэмжээ өсөх, төсвийн тогтвортой байдал алдагдах, гадаад валютын албан нөөц хомсдох, зээлийн чанар муудах зэрэг эрсдэлийг бий болгосон юм.
Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бодлогын өөрчлөлтийг яаралтай эхлүүлж, эдийн засгийг тогтворжуулах шаардлагын дагуу “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоол гарсан билээ.
Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр макро эдийн засгийг тогтворжуулах, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэх юм.
Дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болохоор байна.
Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж, 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох,
гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрч өсөх зэрэг эерэг үр дүн энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр гарах юм.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бодит ажлын байр, бодит орлого бий болгох явдлыг чухалчлан үзсэн.
Улс орны эдийн засгийн ачааны гол хүндийг нуруундаа үүрч яваа цөөн тооны аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдээ тэтгэн дэмжих чиглэлд Засгийн газар хэд хэдэн тодорхой арга хэмжээ авч эхлээд байна.
Тухайлбал, татварын өртэй 3993 аж ахуйн нэгжийн данс, мөн нийгмийн даатгалын өртэй 373 аж ахуйн дансыг нээж, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой онцлог салбарын татвар төлөгчдийг татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.
Энэ хүрээнд 122 мянган ахмадад жилд 100-500 хүртэл мянган төгрөг олгох, тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар, төсөвт дарамт учруулахгүйгээр бууруулах, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах зэрэг хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.
“Боловсролын зээлийн сан” байгуулж, “Сургалтын төлбөрийн зээл олгох журам”-ыг Засгийн газрын тогтоолоор баталсан, 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоор болсон, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авч эхэлсэн зэргийг мөн дурдаж болно.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсний зэрэгцээ элэгний вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх шийдвэр гаргаж, элэгний С вирусийн эмчилгээний “Харвони” эмийн үнийг бууруулан,
гемодиализын аппаратаар цус цэвэршүүлэх эмчилгээний төлбөрийг төрөөс 100 хувь хариуцахаар болсон зэрэг иргэд рүүгээ хандсан, эерэг үр дүнд хүрэхүйц ажил, арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлжээ” хэмээн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд дүгнэлээ. Илтгэлийн дараагийн хэсэгт тэрээр ирээдүй рүү, бодлого, зорилго, хийх ёстой ажил, зайлшгүй анхаарч санавал зохих хүчин зүйлүүд буюу улс орны болон намын амьдралд тулгамдаж байгаа асуудлуудад бага хурлын төлөөлөгчдийн анхаарлыг хандуулсан юм.
“Улсын эдийн засаг хүнд нөхцөлд байна, нуух хэрэггүй.
Унаж өеөдсөн эдийн засгаа өөд татан босгох, Монголынхоо нэр хүндийг олон улсын тавцанд сэргээх, байгаа боломж бүхнийг ашиглах, нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэлтэй байх, эцэст нь иргэд олон түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх гарцаагүй тулгамдсан, нэн амаргүй энэ зорилт бол бидний хувьд энэ цаг үед тулгарсан нэг ёсны тулаан гэж хэлж болно.
Гэхдээ ялагдаж болохгүй тулаан.Энэ тулаанд бид ялснаар Монгол ялах болно.
Тулаанд бид дан морьтой, нимгэн дээлтэй, ганцаараа ороод ялалт байгуулж чадахгүй нь хэнд ч тодорхой байна.Юуны өмнө ард түмэндээ бодит байдлыг зөв ойлгуулж, тэднийхээ дэмжлэгийг авах ёстой.
Хүндрэл бэрхшээл нүүрлэсэн энэ цаг үед монголчууд бид эвээ нэгтгэж, хүчээ зангидах нь нэн чухал байна.
Нөгөө талаар хөрш орнууд болон манайхтай харилцаа, хамтын ажиллагаатай дэлхийн улс орнууд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэг туслалцаан шаардлагатай болж байна.Бидэнд тэдэнтэй хамтран ажиллаж, сайн үр дүнд хүрч байсан туршлага, уламжлал бий билээ.
Хөрөнгө мөнгө хомсодсон нь гар хүлээтэй мэт байдлыг бий болгож байгаа нь үнэн ч боломж, нөөцөө дээд зэргээр шавхан дайчлах ёстой.“Бурхан чамд хаалга онгойлгож өгөхгүй байсан ч цонх нь үргэлж нээлттэй байдаг” гэсэн мэргэн үг байдгийг санацгаая.
Томоохон төсөл, хөтөлбөрүүд гацсаар удлаа.Хэзээ, хэрхэн эргэлт хөдөлгөөнд орох бол гэсэн ард түмний хүлээлтэд энэ Засгийн газар л хариу өгөх учиртай.“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т зорилго чиглэлээ багтааснаар нэг хэсэг амар тайван сууна гэж бодохын хэрэггүй.
Одоо хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэх ажлыг шат дараатай, алхам алхмаар, гэхдээ хурдацтай хийж эхлэх ёстой.Бидэнд нэг цаг, нэг өдөр бүр үнэ цэнэтэй байгааг санагтун.
Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжих цаг болсон гэдгийг зориуд цохон тэмдэглэе.
Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ард олноо, байгууллага, аж ахуйн нэгж бүрийг уриалан дуудаж, үлгэр жишээ үзүүлэгч нь Засгийн газар, түүний харьяа яам, агентлаг байх ёстой.
Улсын Их Хурлын Тамгын газар орон тоогоо 10 хувиар хэмнэж, зардлаа багасгасан жишгийг төр, засгийн бүх байгууллагын түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Орон тоо, зардлаа хэмнэх ажлыг дороос биш дээрээс эхлэх учиртай” гээд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд илтгэлээ 5 “хариуцлагаар” үргэлжлүүллээ.
Үүнд:
Нэг. Хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хариуцлага
Хоёр. Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлага
Гурав. Төсөв, санхүүгийн хариуцлага
Дөрөв. Улс төрийн намын хариуцлага
Тав. Нийгмийн хариуцлага
Илтгэлийнхээ төгсгөлд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд “...бүхэлд нь дүгнэж хэлбэл, нийгмийн амьдралын бүх хүрээнд, төрийн удирдлагын бүх түвшинд хариуцлагын асуудлыг онцгойлон авч үзэхээс өөр чухал сонголт бидэнд үгүй ээ.
Хариуцлага гэдэг нь зөвхөн яллана, шийтгэнэ гэсэн үг биш, харин эрх үүргээ зөв ухамсарлаж, өөрийнхөө төлөө, хамт олныхоо өмнө, нийгмийнхээ тусын тулд хариуцлага хүлээж, ачаа даах чадвартай байх тухай асуудал юм.
Хариуцлагын тухай ийм үзэл санаа нь Монгол Ардын Намын нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай бүрнээ нийцэж байгаа бөгөөд манай намын гишүүд, дэмжигчид бүх талаар хариуцлагатай байх үйл хэрэгт манлайлж, үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж байна.
Үүний тулд дараах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхийг Намын даргын хувьд чиглэл болгож байна. Үүнд:
1. Монгол Ардын Намаас нэр дэвшиж сонгогдсон улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, бүх шатны Засаг дарга, тэдгээрийн оролцогчидтой “Хариуцлагын гэрээ” байгуулах, ингэхдээ тухайн албан тушаалтны хүлээх үүрэг, ёс зүйн хэм хэмжээний шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгаж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан байхыг намын Удирдах зөвлөлд даалгах;
2. Намын бүх шатны байгууллагыг идэвхжүүлж, намын сонгуульт ажилтны цалин хөлс, нийгмийн асуудлыг тусгайлан судалж, зохих санал боловсруулан шийдвэрлүүлэх;
3. Намын бодлогын судалгааны чадавхийг нэмэгдүүлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн судалгааг цаг алдалгүй эхлүүлэх;
4. Намын үзэл суртлын ажпыг тасралтгүй зохион байгуулах, эх оронч үзэл, хамтач суртахуун, тусгаар тогтнолын төлөөх гишүүд дэмжигчид, иргэн бүрийн хариуцлагыг ухамсарлуулах, цогц, үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлэх;
5. Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх тогтолцоог бүрдүүлэх, төрийн албанд ажиллах боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, сургах асуудлыг судалж боловсруулах, нөөц бүрдүүлэх;
6. Нийгмийн сэтгэлзүй, иргэдийн намд итгэх итгэл, мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтын хэрэгжилтэд үнэлгээ өгөх, судалгааг тодорхой давтамжтай явуулж, бодлогын зөвлөмж гаргах механизмыг тогтоох” хэмээн бага хурлын гишүүдэд чиглэл өгч,
Эдгээр ажлын үр дүнг жил бүр дүгнэж, Намын Бага хуралд танилцуулж байхыг Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн ажлын албанд үүрэг болголоо.
Р.Сэргэлэн


















